Wednesday, November 21, 2012

ЗЯН РУН, АНАТОЛИЙ БУЙЛОВ ХИЙГЭЭД АЛДАГДСАН ЕРТӨНЦ /номын шүүмж/



Блогийн маань нэгэн уншигч өөрийн бичсэн номын шүүмжийг блогт маань тавиулахаар явуулсныг нийтэллээ.



Zana Khangai shunhat@yahoo.com
Nov 14 (8 days ago)

to me
Uran zohiol sonirhogchdod hereg boloh bolov uu gej uuriin bichsen neg shuumj yawvuulav. Blogtoo tavina uu. Hundetgesen G.Choijilsuren
 


ЗЯН РУН, АНАТОЛИЙ БУЙЛОВ ХИЙГЭЭД АЛДАГДСАН ЕРТӨНЦ

/номын шүүмж/

Нэг. Утга зохиолын ертөнц дахь ховорхон давхцал

Хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” роман анх 2004 онд хятад хэлээр хэвлэгдсэнээс хойш дэлхийн 10 шахам улсын 30 гаруй хэлээр орчуулагдсаны дотор өнгөрсөн онд орчуулагч Д.Болдбаатарын хичээл зүтгэлээр монгол хэл дээр бууж манай уншигчдын хүртээл болоод байна.

Уг романы эхний хуудсыг нээснээс хойш уншигч миний бие аль эрт уншчихаад дахин сөхөөгүй номоо эргүүлэн уншиж байгаа мэт сэтгэгдэл төрж, эхэндээ төдийлэн анзаараагүй байгаад улмаар хуудас эргэх бүр яалт ч үгүй уншсан мэт сэтгэгдэл лавшран энд тэнд уншсан номоо санаж ядан, номын сангаа ухаж байгаад утга санаа, өгүүлэмж, цаг хугацаа төдийгүй зохиолчын намтар түүх нь хүртэл гайхалтай адилхан ном олсон нь Зөвлөлтийн зохиолч Анатолий Буйловын манай нэрт орчуулагч Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар 1989 онд хэвлэгдсэн “Их нүүдэл” хэмээх романыг оллоо. Өмнө нь надад ихэр мэт ийм адилхан ном таарч байгаагүй ба утга зохиолын түүхэнд ч ховорхон,  санамсаргүй тохиол болов уу гэж бодно.

Та бүхэнд сонин болгох үүднээс энэ хоёр роман юугаараа адилхан болохыг харуулахыг хичээе.

Оюутан Зян Рун /Зохиолын баатар Чэнь Жень/ 1960-аад оны эхээр улаан хувьсгалчдад нохойн хүү гэгдэн Өвөрмонгол Зүүн Үзэмчин хошууны Олонбулгийн талд хөөгдөн ирж байхад түүнтэй зэрэг шахам 10 мянган километрын тэртээ залуу Анатолий Буйлов /Зохиолын баатар Николка хүү/ архичин хойд эцгээсээ зугтан Приморьскийн хязгаарын “Ленины туг”  хамтралд цаа маллахаар ирнэ. Ингээд хоёр номын зохиогчид маань нэг нь Өвөрмонголын үзэсгэлэнт тал нутагт, нөгөө нь тэнгэрийн хаяанд нь туйлын туяа бүжсэн Агнуурын тэнгисийн  хүглэгэр их хөвч, цаст тайгад 10 шахам жил амьдарцгаажээ. 

 “Чонон сүлд” хятад хэлээр хэвлэгдсэн даруйдаа зохиолчоо алдаршуулж, бүх Хятадын хамгийн их уншигчтай номоор шалгарч, англи, франц, герман, япон, итали, испани хэлээр 7 жилийн дараа монгол хэлээр   орчуулагдан гарчээ. А.Буйловын “Их нүүдэл” роман 1982 онд “Современник” хэвлэлийн газарт хэвлэгдсэнийхээ дараа мөн зохиолчдоо алдар нэр авчирч,  Хабаровьскийн комсомолын шагнал, Бүх холбоотын уран зохиолын М.Горькийн нэрэмжит уралдааны нэгдүгээр зэргийн шагнал, ЗСБНХУ-ын Зохиолчдын эвлэлийн К.Фединий нэрэмжит шагналыг тус тус хүртэж, тухайн жилдээ ЗСБНХУ-ын хамгийн их уншигчтай номоор шалгарч, Болгар, Польш, Япон хэлээр мөн 7 жилийн дараа монгол хэлээр орчуулагдан гарсан нь юутай адил вэ?

Хоёр зохиолд суурин иргэншил ямар ахархан хугацаанд хэдэн зуун мянган жилд оршсоор ирсэн байгаль дэлхийтэй хүйн холбоотой оршсоор ирсэн анчин, малчин ахуйгустган сөнөөж байгааг харуулахын зэрэгцээ энэ бүхний буруутан нь ангамал хөрсийг хуу хаман эрчлэх улаан түйрэн адил амьтай, амьгүй бүхнийг хувхайртал идэх болсон хүнэн түйрэн гэдгийг  халаглан харамсмаар зурж өгчээ.

“Чонон сүлд”, “Их нүүдэл” хоёрыг өөр өөр газар, өөр үндэстний хүмүүс 30 жилийн зайтай бичсэн атлаа яагаад Хятад, Орос төдийгүй бусад суурин улсуудын уншигчдыг ингэж ихээр татсаныг  малчин, анчин ахуй, ертөнцийг үзэх үзэл суурин иргэдэд огтөөр, тэдэнд харь ертөнцийнх мэт санагдсанаас болжээ гэж хэлж болно.Утга зохиолын түүхэнд шинэ газар орон, үл тайлагдах ертөнцийн тухай өгүүлсэн бүтээл туурвил хэдэн зуугаараа бий. Бидний үеийнхэн булаацалдан уншдаг байсанВ. А. Обручевын “Санниковын газар”, Г.Р.Хаггардын “Соломон хааны эрдэнэсийн сан”, тухайн үедээ өрнийхөн шимтэн уншдаг байсан Америкийн колоничлогчдын замын тэмдэглэл, айлтгал, бичиг, онгон зэрлэг Африк тивийн гүн рүү аяласан 19 дүгээр зууны жуулчин, аялагчдын бүтээл туурвилыг дурьдаж болно.

Энэ хоёр роман бусад реалист зохиолын адил эхлэл, өрнөл, туйл, тайлал, сайн, муу баатад, хөнгөн хошигнолтой, гол баатарт тохиолдож буй толгойтой үс босомаймшиг, гайхалтай зан заншил зэрэг хүний амьдралын өнгө бүрийг үгийн ураар сүлэн илэрхийлжээ.....Чэнь Жэнь аварга чонын ангайсан аманд багтаад дээр дор арзайсан шүднээс нь өөр харагдах зүйл үгүй, хавхийтэл чонын ам хамхигдахад хамаг зүйл дуусах мэт санагдана. .....Николка өөрийнхөө мөрөөр толгой өөд буцаж харайлгав. Нэгэнт эрслэн шийдээд чимээгүй харайлгаж яваа энэ аймшигт нүсэр амьтныг тэрээр тов тодхон харж байв. Ингээд баларчээ гэх бодол цахилгаан мэт зурасхийн түлэх тэр агшинд. . .

Эцэг өвгөдийнхээ нутагт үе дамжин нутаглаж ирсэн нутаг ус, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын зэрэгцээ хүйн холбоотой төрж өсч, төгсөж буй өвөрмонгол малчин өвгөн Билиг, ортон цаатан өвгөн Аханя нар хоорондоо хичээн адилхны зэрэгцээ Баруун Алтайн уулс, Өмнийн говийн хаа нэгтээ нутагладаг манай хөдөөний хүрэн бор өвгөдтэй төдий чинээ адилхан санагдана.

Николка хүү мод хугалчихаад дараа ургачихна гэж хэлэхэд нь ..Аханя өвгөн уурсаж, Чи бас тэнэг толгой тийм үү? Окси. Танай хүн тайгад байсан. Тайга чамайг хооллож хувцасласан гэтэл чи ийм муухай юм ярьж байх...гэж байгаа бол Чэнь Жэнийг Билиг өвгөн ...анчин хүн жаахан зөв сэтгэлтэй байж чоно авладаг юм. Чоно байхгүй бол тал нутаг хамгаалах эзэнгүй орхигдоно..гэж сургана. Билиг өвгөн Чэнь Жэньд хавх тавих эрдэм заахдаа хавхыг цасаар булж болдоггүй юм. Барьцалдаад хөлддөг гэж хэлж байхад Кодарчан Николкад хавх тавих арга яг адилхан зааж байгаа нь гайхалтай юм.

Догшин чоныг сүүлдэх зоригтой Галсмаа хүүхэн, эрчүүдийнхээ хамт хав загас агнаж, нохой чарга хөллөдөг Улита бүсгүй, өвгөн бүргэд Аханя, Билиг нарын хойчийг загамжлах Кодарчан, Өлзий, Лхамжав нарын залуус  зэрэг үйл хөдлөл, үг хэл нь эгээ л нэг гэмээр баатдаар энэ номууд дүүрэн байна.

Эсрэг талын баатад нь ч ялгаагүй байгаль дэлхийг сүйтгэхдээ нэг хүн мэт сэтгэж, устгаж байна.  Зүүн хойд орны монгол гаралтай атлаа нууранд хөвөх үзэсгэлэнт хунг хараад гоо сайхныг нь бахархах бус хун бол дээдсийн хоол учир заавал хүртэх ёстой гэж бодон ...“хөөе чи хун бодсоор л сууна уу? Хоёулаа нуурын эрэг дээр очиж ганц хун агнаж хорхойгоо дарцгаая” гэж хөөрөлхөн хүний хувьд хүртэж болох зүйл л нандин болохоос хүртээмжгүй зүйлийг хайрлах юу байх вэ? гэж...авирлан хун алж идэж буй Бао Шүнь Гүй, зээр, туулай, тарвага чинь бүгд зартай сайн хоолнууд. Манайхан бүгдээрээ хүрээд ирсэн цагт тэр бүхэн чинь аманд ч үгүй, хамарт үгүй болох байлгүй гэх Лю жолооч, тарваганы нүхэнд цаасан буу, халуун ногоотой утаа, бензинээр норгосон эсгий шатаан хийж, үүрээр нь устгаж буй хятад цагаачид, дээд дарга нартаа бэлэг болгох гэж хугашны арьс архиар арилжан авч буй, ортон атлаа оросуудаас дор болсон Шумков, гинжит трактораар зулзаган хус моддыг няц дарж буй орос жолооч, авахгүй атлаа нуурын нугасыг дорбинкаар бөөн бөөнөөр нь хядан хаяж буй төвийн төлөөлөгч нар хоорондоо усны дусал мэт адил,  хорсол зэвүүцэл төрмөөр хүн сүгнүүд байна.

Номуудад гарч буй өөр нэг чухал санаа бол суурьшмал иргэн нүүдэлчин, малчин, анчин иргэдийг удирдаж хэзээ чадахгүй гэсэн үзэл юм. Билиг өвгөн Монголын эртний ав хоморгын аргаар ан хийж 20-30 чоно алахад түүнд атаархсан Бао Шүнь Гүй дарга зэгсэнд нуугдсан хэсэг чоныг алах гэж зэгсийг тэр чигээр нь түймэрдээд нэг ч чоно алж чадаагүй төдийгүй багийнхаа сор болсон 2 бухыг түлээд алчихдаг. Малчдын үг, цаг агаарын байдлыг урьдчилан тооцолгүй зөвхөн хамтралаас баталсан төлөвлөгөөнд дулдуйдан гаргасан шийдвэр нь хичнээн их гарз  хохирол учруулсныг яагаад ч хүлээхгүй байгаа Хамтралын орлогч дарга Беляев нарын үйлдэлд харамсаад баршгүй.

Романууд үзэсгэлэнт тал нутаг, хөгөлгөр их тайгын унаган хөвгүүд болох өвгөн малчин Билиг, цаачин Аханя нар хүнэн түйрэн болох харъ элэгтний өмнө хүчин мөхөсдөн бие барж байгаагаар төгсөж буй нь хүн төрөлхтний ууган амьдралын хэлбэр болох нүүдэлчин, анчид цагийн эрхэнд суурин иргэншилд идэгдэн, байгаль дэлхийтэйгээ хамт эргэн сэргэхгүйгээр мөхөн сөнөж байгааг билигдэн харуулсан зохиолчдын тайлал юм.

Аханя өвгөн “....манай бүх насаараа тайгаар нүүсэн. Урьд тайгаар хүн ховор явдаг байсан. Гэхдээ тэд бүхнийг ойлгодог, муу юм хийдэггүй, араатан амьтныг хий үргээдэггүй байсан. Одоо шал өөр болсон. Хаа сайгүй хүн явж  байна. Пинд байсан хүнс авсан, тайга түймэрдсэн, хүний буга буудсан, зөндөө мод сүйтгэсэн. Ингээд байвал бүх тайга дуусна. Тайга баларсан бол хүмүүс бас баларсан, бүрмөшин баларсан болно.... Чэнь Жэнь тэр хоёрыг анх наашаа ирэхэд хосгүй үзэсгэлэнгээ гайхуулан байсан энэ нутаг ганцхан зуны хугацаанд  хун, галуу, нугас болон талын чонын булш болон хувирчээ. Өвгөн Билиг талын чоно олон үеийн монголчуудын сүнсийг тэнгэрт аваачсан юм сан. Яахаараа аавынх нь үед бидний бүтэл ингэтлээ хазайдаг байна аа гэсэн өгүүлэмжүүдийг тайлбарлах нь илүүц биз ээ.

Тариачин иргэд газар-иргэн гэсэн ганц холбоон дээр бүхий л амьдрал, ертөнцийг үзэх үзэл нь тогтдог бол нүүдэлчид, анчид хүрээлэн буй орчныхоо ширхэг эд эс бүхэнтэй холбоотой, өөрөөр хэлбэл амьдралын холбоос нь үй түмэн ширхэгтэй нарны цацраг мэт юм. Энэ цацрагийн нэгийг л таслахад хонин холбоомэтээр цувран бүгд үгүй болдог байгалийн хуулийг хүн хэрхэн сүйтгэж буйг уран зохиолын хэлээр зурж үзүүлсэн эмгэнэлт романууд манай уншигчдын хүртээл болжээ. Дашрамд өгүүлэхэд бид хятадуудтай хаяа нийлэн хэдэн мянган оныг элээсэн атлаа хятадууд  бидний тухай үндсэндээ юу ч мэддэгүй болохыг баталж өгсөн Зян Рун авгайд талархана.

Хоёр. “Чонон сүлд“ яагаад хэвлэгдэх болов буюу
зохиолын өмнөтгөл, сүүл хэсгийн талаар

Зян Руны зохиолд малчин монголчуудын ертөнцийн үзэх үзлийг тариачин хятадуудынхаа дээгүүр эрэмбэлсэн нь өнгөц харахад монгол хүнбахдууштай боловч энэ зохиолын өмнөтгөл болон сүүлийн хэсэг болох “Оюунлиг эрэлхийлэл буюу чонон сүлдийн талаар харилцан яриа” гэсэн хэсэг байгаагүй бол энэ зохиол яагаад ч өөр үзэл суртлыг хүлээн зөвшөөрдөггүй Хятадын эрх баригчдын “главлит”-ыг даван гарч хэвлэгдэхгүй юм. Сүүлд бодлогоор нэмсэн энэ хэсгүүд нь үндсэндээ энэ номыг хэвлүүлэх “виз” юм байна. Номын үндсэн хэсэгт нь цөөн хэдэн дэгс, ташаа агуулга, мэдээллийг эс тооцвол цэвэр уран зохиол гэдэг шалгуурт таарч байна. 

Зохиолч “Оюунлиг эрэлхийлэл буюу чонон сүлдийн талаар харилцан яриа”гэсэн хэсэгтээ чонон сүлд гэх ойлголт нь Төв Азийн нийгэм, түүхийн явцад шийдвэрлэх нөлөө үзүүлж ирсэн гэж барим тавим баталжээ. Хүний нийгэм, түүхийн явцыг тайлбарласан онол үзэл санаа өмнө нь ч хэдэн арваараа байсан, хойшид ч бий болно. Жишээлэхэд Гумилёвын улстөр, эдийн засаг, цаг агаарын таатай нөхцөл бүрдсэн үед үндэстэн хүчирхэгжиж, бусдыгаа оройлон удирддаг гэх  “пассионор тэсрэлтийн онол”, коммунистуудын “дарлагч ангийн дарлал тэсэхүйеэ бэрх болсон үед хувьсгалын тохироо бүрдэж, ангийн хувьсгал эхэлдэг гэсэн онолуудын  адил Зян Руны чонын шинж давамгайлсан үед нэг үндэстэн хүчирхэгжин, бусдыг эзлэн цус сэлбэн харилцан уусдаг гэсэн нь мөн л нэг онол юм. Гагцүү энэ онолоороо монголчууд, хятадууд (хань үндэстэн)нь нэг гаралтай, нэг үндэстэн гэж батлахыг оролддог хятадын улигт  үзлийг ахиад л гаргаж тавьжээ.

Хятад түүхч эрдэмтэн судлаачид үеийн үед монгол нь Хятадын нэг хэсэг, монгол, хятад цаг, цагт нэг үндэстэн байсан, Монголчуудын байгуулсан төр улс нь монгол хаадтай хятад улс байсан гэж мэтгэн бичсээр ирсэн. Харьцангуй соёлжсон 20 дугаар зууны дунд үеэс хойш энэ үзэл суртлаа түүх, газарзүй, хүн судлал, эртний судлал зэрэг шинжлэх ухааны бусад салбарын олдвороор баталгаажуулах эсвэл асуудлыг шууд тулгах бус толгой эргэм үнэн худал, үндэслэл гарган тайлбарлах аргад шилжээд байгаа билээ.

Хятадууд түүх бичлэг, ном зохиол, сурах бичиг зэрэгтээ “Хятад улс” гэсэн ойлголтонд “Хятад улс, Хятадын эх газар, Дотор газар, Дундад улс, Дундадын баруунорон, Баруун хойд орон, Хойд орон, Зүүн хойд орон(中原, 中华, 华夏, 中华大地, 关内,华北, 西, 西域, 关东,г.м)” гэсэн нэр томъёохэрэглэж түүндээ Ази тивийн ихэнх нүүдэлчин үндэстнийг багтаахыг эрмэлзсээр ирсэн. Чингэхдээ үгэн доторх үг, давхар утга, хэсэгчлэх, эвлүүлэх зэрэг аргыг хэрэглэх ба бусад улс үндэстэнасуудал тавьж маргаан үүсэхэд аль ч талруу нь тайлбарлаж болох байдлаар бичдэг. Өөрөөр хэлбэл хятад хэл, ханз үсгийн давуу талыг ашиглах, нэр томъёогоор “тоглох” арга байнга хэрэглэдэг. Монголчууд үүнийг “Үгэн дотор үг, үхэр дотор гиваа” гэж онож хэлсэн байдаг.

Зохиолын дундуур өнөөгийн БНХАУ-ын баруун хойд нутаг (ШУӨЗО, Түвд, Хөхнуур) бол эртнээсээ, ямар ч маргаангүйгээр (МЭӨ 4000-6000 жил эхлэнань угсааны үндэстнүүдийн байгуулсан үе үеийн улс, гүрнүүдийн уламжлалт язгуур, газар нутаг мөн” гэсэн санаабайнга хавчуулагдан явж байна. Үүнийгээ Хятадын хань угсааны үндэстний эртний өвөг бол нүүдэлчид байсан, хожим суурин амьдралд шилжиж газар тариалан эрхлэх, мал аж ахуй тариалан хослуулж яваандаа бүрэн суурьших хэлбэрээр явагдсан. Харин өнөөгийн Хятадын баруун хойд оронд түүхийн турш нүүдэллэж байсан дээд өвгүүд нь үе үе араас нь төв Хятад руу нүүдэллэн орж ирж суурин хэв шинжид орсоор ирсэн. Түүнчлэн, монгол үндэстэн ч гэсэн эртний Хятадын дээд өвгийн үндэстний оролцоотой бий болсон үндэстэн гэсэн санааг дэвшүүлж, батлахыг чармайжээ. Мөн хань үндэстний дээд өвөг нь анхандаа нүүдэлчин байсан, чоныг ч сүлдэлж байсан тул “Чонон тотем” бол Хятадын соёлын нэг хэсэг гэж нотлохыг хичээжээ.Луун тотемын эх нь чонон тотем, анхны загвар байсан. Яваандаа эртний Хятадын дарангуйлагч, эрх баригч ангийн ашиг сонирхол, күнзийн сурталтны нөлөөгөөр дүрс хэлбэр нь өөрчөгдөж луу болсон гэжээ.   Энэ нь Хятадын тал магадгүй, хөөмий, уртын дууг өөрсдийн соёлын өвөөр өрсөж бүртгүүлсэн лугаа “Чонон тотем”-ыг ч БНХАУ-ын соёлын өвүүдийн нэг хэмээн бүртгүүлэх гэсэн алсын бодлого байж болох талтай.

БНХАУ нь 56 үндэстнээс бүрдсэн, олон үндэстний улс тул улс орныхоо нэгдмэл, тогтвортой байдлыг хадгалах үүднээс энэ мэтээр түүх, сурах бичгээ бичдгийг нэг талаас ойлгож болно. Гэвч тун, хэмжээг нь ихдүүлж эрт эдүгээг санаатай санамсаргүй холих, зориудаар мушгин гуйвуулах байдал хэрээс хэтэрчээ. Эртний Египетийг эзлэн суусан Македоны Александрын байгуулсан улсыг өнөөгийн египетчүүд, Энэтхэг, Африк дахь Их Британий колони байсан улсууд “Их Британи бол Энэтхэгийн эзэнт гүрний хэсэг байсан” мэтээр мэтгэж, өмчилдөггүй билээ.

Монгол үндэстэн болон хань тэргүүтэй хятад угсааны үндэстнүүдийн хувьд  харилцан бие биенээ эзлэж, эзлэгдэж явсан өвөрмөц онцлог түүхтэй улсууд юм.  Өнөөгийн БНХАУ-ын 56 үндэстэн дотор харилцан эзлэлцэж явсан, хожим нь том улс гүрэн байгуулж, түүх бүтээсэн үндэстний цөөнх монгол, манж үндэстнээс өөр бараг байхгүй гэж болно. Гагц хятадууд л дэлхийн түүхэнд хамгийн өргөн уудам нутаг, хүн амыг хамарсан Монголын эзэнт гүрний түүхийг хуваалцах, болбол дангаар өмчлөхийг оролдсоор ирсэн. Манжуудын гавьяаг булаацалдана гэхээр тэд нь байхгүй болчихсон. Харин монгол үндэстэн л эдүгээ туурга тусгаар, голомт бүхий тусдаа улс,үндэстэн хэвээр байгаа тул ийм эрээ цээргүй авирладаг байх.

Гэтэл солонгос үндэстэн сэргэн мандаж байх үеийн Когёру улс, мөн өнөөгийн Тайланд улсын цөм үндэстэн болох тай үндэстний байгуулж байсан Дали зэрэг эртний хүчирхэг гүрэн улсуудын (өнөөгийн БНХАУ-ын 56 үндэстэн дотор 2 сая орчим Солонгос, 1,2 сая орчим Тай үндэстэн байдаг)түүхийг хятадууд өөрсдийн улс, үндэстний түүхийн нэг хэсэг хэмээн улаан цайм мэтгэж булаацалддаггүй бөгөөд ийм өчүүхэн төдий илрэл, хандлага гарсан даруйд БНСУ, Тайланд зэрэг улс оронтэр даруйд нь дипломат болон бусад шугамаар зохих хариуг нь өгч, эсэргүүцэл илэрхийлдэг билээ. Хятадууд чухам л “муу нь муудаа, муна гадсандаа” гэгчийн үлгэрийг үзүүлж  байна.

Мөн уг зохиолд 13-р зууныг хүртэл монголчууд бичгийн соёл маруухан, бараг бичиг үсэггүй үндэстэн гэсэн “давхар” санаа байнга цухалздаг. Бусад түүхэн зохиолд нь ч гэсэн нүүдэлчдийг, монгол үндэстнийг соёлын хувьд хоцрогдсон, бүдүүлэг гэсэн ойлголт өгөх хандлагатай байдаг. Гэтэл хамгийн осолтой нь хятад болон олон улсын уншигчид, өсвөр залуу үе нь уг ном, мэдээллийг уншаад “туйлын үнэн” юм байна гэж ойлгоно. Ингээд хань, монгол үндэстний хоорондох үл ойлголцол, харилцан дорд үзэх явдал даамжирсаар байх аюултай юм.

Энэ номын орчуулагч, ариутган шүүгч нар нь өнөө цагийн монголчуудын шилдэг сэхээтнүүдийн нэг тул наанадаж монголчуудын сэтгэлийн эмзэглэлийг ойлгодог, цаанадаж хоёр улсын эв гавыг бодож, нэг ёсондоо орчуулга хийхдээ дипломат байр сууриаас хандан хятад зохиолчийн хурц санаа, зарим монголчуудын эгдүүцлийг  төрүүлж болзошгүй үг, хэллэг, утга санаа, хэсгийг ерөнхийд нь зөөлрүүлж, орхигдуулж, хасаж, орчуулсан байна.

Уншигчдад дөхөм болгох үүдээс “Чонон сүлд” романы хятад хувилбар, монгол орчуулгын зарим зөрүүтэй үг өгүүлбэрийг харьцуулан сонирхуулъя. Тухайлбал:


Нэг. Хятад эх, хувилбар дээрх (монгол хувилбарторхигдуулсан) анхаарал татахуйц үг, өгүүлбэр, хэсэг:

1-р хуудас 5—8-р мөр:
“Хэрэв энэхүү ном гараагүй байсан бол, чоно ялангуяа Монголын тал нутгийн чоно—Хятадын эртний соёл иргэншлийн тотем шүтээн болон байгалийн шалгарлын хөдөлгөгч хүч сансар огторгуйн үл мэдэгдэх биет лугаа манай гариг болон хүн төрөлхтнөөс алсран холдож байсан буй заа...” хэмээн Хятад соёл, иргэншилд шууд хамааруулжээ. 

2-р хуудас 16—17-р мөр:
“Яагаад Хятадын морин дэл дээрх үндэстэн эртнээс эдүгээг хүртэл морин тотемыг бус харин чонон тотемыг шүтсээр ирсэн юм бол?”

317-р хуудас 14-р мөр:
“Тийм болохоор хатуудаа хатуу ер бусын үзэсгэлэнтэй тал нутаг бол зөвхөн хятад үндэстний төдийгүй нийт хүн төрөлхтний анх үүссэн өлгий нутаг билээ” 

367-р хуудас 32-р мөр:
“Манай улсын баруун хойд орны тал нутаг ялангуяа Өвөр Монголын тал нутаг бол Хятадын эртний соёлын өлгий нутгуудын нэг мөн”

368-р хуудас 7-р мөр:
“Да Яаогийн туурь тэргүүтэй Өвөр Монголын нутгаас олдсон шинэ чулуун зэвсгийн тууриудаас гарсан сав суулга, түүний өнгө будаг, хийц нь Хятадын дотор газрын Ян Шаогийн соёл болон Лун Шаньгийн соёлоос ихээхэн ялгаатай байдаг” гэсэн нь томоохон дэвшил юм. Харин эндээс “Бээжингийн синантроп хүн” нь хятад зүгийн үндэстний өвөг мөн эсэх талаар зөрчил гарч байна.

368-р хуудас 30-р мөр:
“Монголын тал нутагт орж ирсэн эртний Цян үндэстний салбар овог аймгууд нь Монголын тал нутгийн үндэстэн бүрэлдэн бий болоход оролцсон юм”

369-р хуудас 5—7-р мөр:
“...Эртний Цян үндэстэнтэй зэрэгцэн оршиж байсан эртний Хүннү зэрэг нүүдэлчин үндэстэнгүүд аль эрт устан үгүй болсон атал...”

370-р хуудас 21—24-р мөр:
“...Янь Хуаны үеээс хойшхи Хятадын түүхээс харахад нэгэн дээд шүтээн бүхий нэг үндэс гаралтай ах дүү үндэстэнгүүд талыг там болтол цус урсган тэмцэлдэн дайтах цаг үе байсан хэдий ч эцсийн бүлэгтээ Хятадын соёл болон түүхийг хамтдаа бүтээсэн юм...”

388-р хуудас 12-р мөр:
“...Сүн улсын соёлтой хонины тэргүүн хонь (хуц) Хуй зун хааны соёл нь хэтрээд Хятадын гарамгай уран зураачийн хэмжээнд хүрээд, аальгүй турьхан хүүхнээс ч нялцгай нэгэн болсон байв...”

388-р хуудас 21—22-р мөр:
“...Умард Сүнгийн “Зинканы гутамшиг” бол Хятадын хань үндэстний хамгийн гутамшигт үе болно. Бүр Манжийн засаглалын хожуу үед эрх мэдлээ алдаж төр улсаа доромжлуулж байсан үеэс ч илүү гутамшгийг амсав. Манжийн үед харинч арав гаруй жил харийнхны эсрэг хэд хэдэн удаа дайтаж, хаан суудлаа ч алдаж байсангүй... ”

390-р хуудас 32—33-р мөр:
“Монголын эзэнт гүрэн--(蒙古帝国), Монголын Их эзэнт гүрэн--(蒙古大帝国)  гэдэг ойлголтуудыг хүлээн зөвшөөрсөн нь ололтой болжээ.

391-р хуудас 9—18-р мөр:
“...Монгол үндэстэн Хятад улсад түүхэнд Хань, Тангийн оргил үед ч байгаагүй өргөн уудам хамгийн том газар нутгийг өгсөн юм. Энэ нь дэлхий дахинд хятад хүний оршин тогтнох орон зайгаа дахин бататган харуулсан явдал болов. Юань гүрэн нь эртний Хятад улсын газар нутгийн үргэлжлэн хадгалагдах, залгамж чанарт чухал зангилаа болсон билээ. Эс бөгөөс Хань, Тан гүрнээс хойш хоёр гурван зуун жилийн турш Хятадын засаг төрийн захиргаанаас гараад байсан газар нутаг тусгаар улс болон үүрд холдож, бусад хүчирхэг соёл иргэншлийн газар нутаг болж, Хятад улс буфер хаалтгүй болон газар тариалангийн  хэвлий нутаг маань гадаад ертөнцтэй шууд халз тулгарах байсан буй заа. Хожим Мин улсын үед хүчирхэг  Баруун Туркестаны Төмөрийн эзэнт гүрэн хятад хүмүүсийг /баруун хойд нутаг, дундад азийн үндэстнүүдийг хэлсэн бололтой. Орч/ исламын шашинд орохыг албадахын зэрэгцээ Төмөр их хаан нэг сая морьт цэргээ удирдан Хятадад довтлохыг тун дөхсөн билээ. Гэвч Төмөр гэнэт нас нас барснаар энэхүү гамшгаас сая гэтлэсэн, зайлсхийсэн юм. Хэрэв Төмөр хаан нас бараагүй, баруун хойд нутаг Хятадын нэг хэсэг биш байсан бол ислам үндэстэн эзэн сууж, мөн тэр /Төмөр хаан/ Ганьсүгийн Нинся бүс нутгаас нэг сая их цэргээ удирдан Хятадад довтолсон бол Хятадын газар нутаг болон соёл иргэншил тэсч үлдэж чадах байсан болов уу. Тиймээс, Юань гүрэн Хятадын Хань болон Тан гүрний үеийн газар нутаг, хязгаар нутгийг дахин сэргээн тэлсэн нь үнэлж баршгүй хувь нэмэр бөгөөд, баруун хойд чиглэл дэх буферийг ихээр тэлж, бусад өндөр түвшний хүчирхэг соёл иргэншлийн улс орнуудын хилийг алсад түрэн шахсан юм. Чингэж хожмын Мин, Чин гүрэн үргэлжлүүлэн газар нутгаа эргүүлэн авах, Хятадын Хань Тан гүрний хязгаар газар нутгийг хамгаалах, өргөжүүлэн тэлэх үндсийг бүрдүүлсэн болно. Энэ нь өнөөгийн хятад хүний оршин тогтнох хөгжих үйл хэрэгт туйлын чухал болсон юм...”

392-р хуудас 28—29-р мөр:
“Хань, Тан гүрний үед Монголын тал нутаг Хятадын бүрэлдэхүүнд, нэг хэсэг байсан”  гэсэн санаа явж байна.

393-р хуудас 11-р мөр:
“Монголын Юаний Их эзэнт гүрэн – (蒙古元朝大帝国)  гэсэн ойлголтыг оруулсан нь бас нэг том дэвшил болжээ. 

393-р хуудас13—19-р мөр:
“Манжийн Чин гүрний үе бол Хятадын үе үеийн эзэнт гүрний түүхэнд чухал үүрэгтэй, бичиг, цэргийн эрдэм тэнцүү хосолсон хаад хамгийн олон төрөн гарсан, хаан орыг хамгийн эв зүйтэй шилжүүлэн залгамжилж байсан эзэнт гүрний үе байлаа. Хэрвээ Энхамгалан болон Тэнгэр тэтгэгч хааны төр барьж байсан цаг үе нь дарвуулт хөлөг онгоц бүхий барууны ханлиг улсууд бус харин төмөр хуяг бүхий аварга хөлгүүдээр өвч зэвсэглэсэн барууны хүчирхэг орнуудын цаг үетэй тулгарсан бол оюун билэг хурц Энхамгалан, Тэнгэр тэтгэгч хааны үед Хятадын ухаалаг тэнгэрийн хаад төрөн гарч цоо шинэ амжилт гаргах байсан гэдэгт би итгэж байна. Нүүдэлчний дэвшилтэт зан чанараар барууны соёл, тогтолцоо, аж үйлвдэрийг нэвтрүүлж хятад угсааны үндэстнүүдийн  оршин тогтнолт болон үндэстний зан чанарыг үндсээр нь өөрчилж, барууны соёлтой чонотой өрсөлдөөн тэмцлийг өрнүүлж 1000 жил ахихгүй байрандаа зогссон үндэстний хувь заяаг өөрчлөх байсан буй заа. Гэвч Манжийн Чин улс Хятадын тариачны болон кунзийн суртхаалийн нөлөөнд сулран доройтсны хойно барууны хүчирхэг улсууд төмөр хуягт аварга хөлгүүдийг үйлдвэрлэдэг аж үйлдвэрийн эрин зуунтай золгосон юм. Ийнхүү Хятадын аз дутсан юм даа.”

394-р хуудас  18—28-р мөр:
“Манжийн Чин гүрний төгсгөл үед эзэн хаадуудын чонон зан чанар уруудаж, нутгаа тасдан өрөө төлж, эрх мэдлээ алдаж улсаа гутамшиг болгож байлаа.  Нүүдэлчин Зөрчидын манж үндэстнээс Хятадад оруулсан хувь нэмэр асар их юм. Юуны өмнө, зөвхөн Юань гүрний дараа орохуйц газар нутгийг Хятадад дахин авчирав. Юань гүрний хоёр удаагийн газар нутгаа бэхжүүлэн тодотгосон дээрээс нь Манж Чин гүрэн 200 гаруй жилийн хугацааны үр дүнтэй захиргааны удирдлага, хэдийгээр Чингийн төгсгөлд үед газар нутгийнхаа талыг алдсан хэдий ч ямартай ч Хань болон Тан гүрний үед тогтоосон Хятадын газар нутаг, зах хязгаарыг бататган авч үлдэж чадсан бөгөөд мөн үржил шимт зүүн орны гурван мужийг нэмж авчирсан билээ.  Хэдэн мянган жилийн үндэстний оршин тогтнох тэмцэл, нь Хятадын нутаг дахь газар тариалангийн болон нүүдэлчин ах дүү хоёр үндэстний хамтын тэмцлийн дор эцсийн бүлэгтээ 2000 жилийн өмнө ч Хятадад харьяалагдаж байсан газар нутгийг өнөөг хүртэл өвлүүлэн авч чадсан бөлгөө. Энэ бол нийт Хятад угсааны үндэстний түүхэн томоохон үйл хэрэг байсан ба дэлхийн бусад эртний тариачин үндэстний амжилтаас ч хавьгүй илүү юм. Тэдгээр эртний тариачин үндэстнүүдийн дийлэнхи нь үндэстэн нь өөрсдөө өнөөг хүртэд оршин тогтнож чадаагүй тул эртний улсынх нь газар нутаг, хил хязгаарынх нь тухай ч ярилтгүй билээ. Тухайлбал, эртний Ромын эзэнт гүрэн, Арабын эзэнт гүрэн, Османы эзэнт гүрний өргөн уудам газар нутаг нь  цөм бүрэн бүтнээрээ өнөөдрийг хүртэл хадгалагдан үлдэж чадаагүй билээ”

395-р хуудас  28—32-р мөр: 
“Өргөн уудам газар нутаг бол Хятадын соёл иргэншил оршин тогтнох хөгжих үндсийн үндэс юм. Харин баруун хойд орны өргөн уудам газар нутаг бол Хятадын соёл иргэншлийн язгуур бөгөөд буфер билээ. Ер нь бол, Хятадын нүүдэлчин үндэстнээс Хятадын газар нутгийг тэлэн өргөжүүлэхэд оруулсан хувь нэмэр хань үндэстнийхээс ч хавьгүй илүү бөгөөд монгол болон манж үндэстнээс хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Харин манж үндэстэн бол Хятадын газар нутгийг тодотгон тогтооход амин чухал нөлөө үзүүлсэн байна. Хожим Дундад иргэн улсын үед хань үндэстний эрх баригчид өргөн уудам нутагтай Ар Монголыг алдчихав. 1946 оны 1 дүгээр сард Наньжин дахь Гоминданы Засгийн газар Ар Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм”

399-р хуудас 1—2-р мөр:
“Хятад угсааны үндэстнүүд Ян Хуаний өвөг дээдсийн нүүдэлчин үзэл санааг сэргээж, өвлөж чадах бөгөөд Хятадын тал нутгийн үндэстний чонон сүлдийн үзэл санааг мандуулан бадруулж чадах юм”

403-р хуудас 22—36-р мөр:
“...1971 онд ӨМӨЗО-ны Онниуд хошууны Сансин тал гэдэг газраас олдсон хаш луу нь Хятадын хамгийн эртний луу гэж тооцогддог. Тэрхүү хаш лууны толгой, нүд, сэрвээ, хүзүү, нүүр, хошуу, хамар, ам, харц бүхэлдээ чонын толгойг дүрсэлсэн байна. Мөн уг хаш луу  нь хайрс, савар байдаггүй. Лууны биеийг чонын их бие, сүүлийг уран сэтгэлгээр, билгэдэн ургуулан бүтээсэн. Чухам л Олонбулгын талд тэжээж байсан бэлтрэгний шинж чанарууд харагдаж байна. Луу далавчгүй байдаг, чоно ч далавчгүй атлаа нисэж чаддаг гэж нүүдэлчид сүсэглэдэг...” гэх зэргээр нийт 7 үндэслэл, шинж, баримтаар луун тотемын анхны эх загвар, үүсэл нь чононоос сэдэвлэж бүтээсэн хэмээн таамаглал дэвшүүлсэн байна.

405-р хуудас 17—29-р мөр:
“Чонон сүлд болон луу тотем нь Хятадын хоёр үндэстний хамгийн том шүтээн болох тэнгэрийг шүтэх, дээдлэх үзэлтэй салшгүй холбоотой”, “Хятадын хоёр том үндэстний тотем болох чоно болон луу нь хүн сургаж болшгүй догшин зан араншинтай юм”

406-р хуудас 21—36-р мөр: 
“...Эртний Шан, Жоу улсын үеийн тулга дээр сийлсэн Taotie (饕餮) хэмээх домгийн амьтан нь чухам яг чонын толгойны уран сайхны хувилбар юм...”

408-р хуудас 8—14-р мөр:
“...Хятадын луу тотем болон Хятадын чонон тотем нь магадгүй тасалж болшгүй цусан барилдлага, холбоотой юм..., эрх чөлөөт чоныг дарангуйлагч ноёлогч анги луу болгон хувиргажээ...”


Хоёр. Монгол орчуулга, хувилбарт байгаа боловч өөрчлөн эсхүл “зөөлрүүлэн” орчуулсан байж болох анхаарал татахуйц үг, өгүүлбэр, хэсэг

23-р хуудас 21—22-р мөр:
“Гэтэл Цин, Хань улсуудын үед хятад орныг анх нэгтгэж байх ахуйд Монгол үндэстний өвөг дээдэс тэр бүү хэл Монгол гэдэг нэршил ч бараа сураг ч байхгүй байсан гээд бодохоор би хань үндэстний төлөө тун их шаналах юм” гэснийг“Гэтэл Цин, Хань улсуудын үед хятад орныг анх нэгтгэхэд Монгол үндэстний өвөг дээдсийн бараа сураг ч байхгүй байсан гээд бодохоор би хань үндэстний төлөө тун их шаналах юм” хэмээн зөөлрүүлэн орчуулжээ.

30-р хуудас 13—14-р мөр:
“Монголчууд ном бичиж чадахгүй нь харамсалтай. Хэрэв чи овоо монголжоод ирвэл манай монголчуудыг төлөөлөн ном бичвэл сайнсан” гэснийг “Манай монголчууд ч тэгтэл их ном бичихгүй юм. Хэрэв чи овоо монголжоод ирвэл манай монголчуудын санааг илтгэсэн ном бичвэл сайнсан” хэмээн зөөлрүүлэн орчуулжээ.

62-р хуудас 1—3-р мөр:
“Анх өөрийн бичиг үсэггүй, төмөр зэвээ ч хийчихэж чаддагүй, амьтны ясаар сумны зэв хийдэг байсан балар эртний хоцрогдсон нүүдэлчин жижиг үндэстэн яахаараа тийм аугаа их цэргийн хүчин чадал болоод цэргийн урлагийн сод билэг ухааныг төрүүлэн гаргаж чадсан юм бол оо?...” гэснийг “Анх өөрийн бичиг үсэггүй, төмөр зэвээ ч хийчихэж чаддагүй нүүдэлчин жижиг үндэстэн яахаараа тийм аугаа их цэргийн хүчин чадал болоод цэргийн урлагийн сод билэг ухааныг төрүүлэн гаргаж чадсан юм бол оо?...” хэмээн зөөлрүүлэн орчуулжээ.

 258-р хуудас 30-р мөр: 
“Монголын уртын дуу, хань үндэстний ардын дууны хэв маягаас тэс өөр шүү дээ. Тэр хэв маяг нь чонон сүлдийг дээдлэдэг Хүннү үндэстнээс  уламжлагдан ирсэн гэж би таамаглаж байна” гэснийг “Монголын уртын дуу, хятадын ардын дууны хэв маягаас тэс өөр шүү дээ. Тэр хэв маяг нь чонон сүлдийг дээдлэдэг Хүннү нараас уламжлагдан ирсэн гэж би таамаглаж байна” хэмээн зөөлрүүлэн орчуулжээ.

351-р хуудас 17-р мөр:
“Тамир тэнхээгээ  алдаж гүйцсэн бэлтрэгт өвдөлт дааралт хоёр нэрмээд давжигнатал чичрэх нь эрт цагийн гадаа нүцгэн зогсохоор шийтгүүлсэн тал нутгийн боол мэт харагдана ” гэснийг “Тамир тэнхээгээ  алдаж гүйцсэн бэлтрэгт өвдөлт дааралт хоёр нэрмээд давжигнатал чичрэх нь эрт цагийн гадаа нүцгэн зогсохоор шийтгүүлсэн гэрийн боол мэт харагдана” хэмээн зөөлрүүлэн орчуулжээ.

370-р хуудас 35—36-р мөр:
“...Хүннүчүүд МЭ-ний гуравдугаар зууны хожуу хагаст нэгдмэл хүчирхэг үндэстнийг цогцлоожээ...” гэснийг “...Хүннүчүүд МЭ-ний гуравдугаар зууны хожуу хагаст нэгдмэл хүчирхэг улсыг байгуулж чаджээ...” хэмээн өөрчлөн орчуулжээ.

387-р хуудас 8—9-р мөр:
“...хүчгүй сул дорой Сүн улсын эрх баригчид хятадын чонон цусыг сэлбэгч гол эх булаг болсон умард болон баруун умардын тал нутгийг өөрийн хяналтаасаа алдаж орхижээ...” гэснийг “...хүчгүй сул дорой Сүн улсын эрх баригчид Хятадын чонон цусыг сэлбэгч гол эх булаг болсон баруун умардын тал нутгийг өөрийн хяналтаасаа алдаж орхижээ...” хэмээн өөрчлөн орчуулжээ.

388-р хуудас  26—27-р мөр: 
“Баруун орны (өнөөгийн Хятадын баруун хэсэг, Шинжаан, дундад азийн зарим улсын газар нутаг) үндэстнүүд урьд нь Буддын шүтлэгтэй үндэстэн байснаа хожим хүчирхэг Исламын эзлэн түрэмгийллийн дор шашин соёлоо өөрчилсөн гэдэг биз дээ?. Энэ бол Сүн улс Баруун  орныг эргүүлэн хурааж авах чадваргүй байсантай чухам холбоотой билээ” гэсэн ганихрал, харуусал дүүрэн хэсгийг “Дундад ази урьд нь Буддын шүтлэгтэй байснаа хүчирхэг Лалын эзлэн түрэмгийллийн дор шашин соёлоо өөрчилсөн гэдэг биз дээ?” хэмээн зөөлрүүлэн орчуулжээ.

391-р хуудас 5-р мөр:
“...Монгол үндэстний байгуулсан Хятадын Юань гүрэн...” гэснийг  “...Монголчуудын байгуулсан Юань гүрэн...” хэмээн зөөлрүүлэн орчуулжээ.

392-р хуудас 29—30-р мөр:
“Энэ удаагийн хань үндэстний сэргэн мандалт нь монгол үндэстний сэтгэл харамгүй “цус хандивлалт”  болон чонон сүлдийн үзэл санаа хятад нутагт дахин амилсаны хүч байсанд бид бүхэн чухам талархах ёстой” гэснийг “Энэхүү сэргэн мандалт нь монгол үндэстний сэтгэл харамгүй цус сэлбэлт болон чонон сүлдийн хятад нутагт дахин амилсаны хүч байсанд бид бүхэн талархах ёстой” хэмээн зөөлрүүлэн орчуулжээ.

393-р хуудас 5—7-р мөр: 
“Хань үндэстэн Юань гүрний үед монголчуудын цус сэлбэлтээр дамжуулан олж авсан жаахан амин хийгээ барж дуусаад байв. Ингээд хань үндэстэн хятад соёл иргэншлийн том асрыг бие даан аваад явчих тэнхэлгүй болсон тул умардын өөр нэгэн нүүдэлчин үндэстэн болох Манж нарт уг хүндтэй үүргийг арга буюу шилжүүлсэн юм” гэснийг “Хань үндэстэн Юань гүрний үед монголчуудын цус сэлбэлтээр дамжуулан олж авсан жаахан амин хийгээ алдаж гүйцээд хятад соёл иргэншлийн том асрыг аваад явчих тэнхэлгүй болсон үедээ умардын өөр нэгэн нүүдэлчин үндэстэн болох Манж нарт уг хүндтэй үүргийг оноосон ажээ” хэмээн зөөлрүүлэн орчуулжээ.

232 дугаар тал “ нэгэн үеийн тэнгэрийн бахархал Чингис хаан харвах, намнахаас өөрийг мэдэхгүй гэсэн Мао Зэ Дуны үгийг тойруу замаар хэрэглэжээ /орч/”.

Орчуулагчийн орхисон, зөөлрүүлсэн хэсгээс энэ номын давхар санааг та бүхэн ойлгосон гэдэгт найднам. Хятадын өнөөгийн эрх баригчидхятад хүн (жун гуо рэн), хятад угсааны үндэстэн /зөвлөлтийн хүн, зөвлөлтийн иргэн гэдэг шиг/ гэсэн ойлголтыг өнөөгийн Хятадын газар нутаг болбол түүнээс хойшхи газар нутгийг хамруулан бий болгох арга, тактик хэрэглэж байна. Харин манай улсын хувьд үүний эсрэг монгол үндэстэн гэсэн ойлголтыг бататган бэхжүүлэхийн хамт “монгол хүн, монгол туурагтан” гэсэн ойлголтыг газар зүй, угсаатан судлал, соёлын түвшинд улам өргөжүүлэн, түүх, албан ёсны бичиг хэрэг, олон улсад тунхаглан таниулах баталгаажуулах, улмаар өөрийн гэсэн дархлаа тогтоох хэрэгтэй болов уу. Цаашид Монголын түүхийг дэлхийд сурталчлах, өрнөдийн болон Хятадын түүхийн бүтээлд төв азийн нүүдэлчид болон монголчуудыг ад үзэх, чичлэн бичдэг байдлыг залруулах, эерүүлэхталаар эрдэмтэн судлаачдын байр суурийг нэгтгэх, энэ талаар төрөөс тусгайлан арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Өнөөдөр Өвөрмонголын тал бүрэн хашаалж дууссан, тэнд чонын мөр байтугай сүнс ч байхгүй болоод хэдийнэ удсан, Агнуурын тэнгисын өтгөн тайга улам багасч, зэрлэг араатан, жигүүртэн, цаа бугын сүрэг идээшлэх, бэлчээрлэх нутаггүй болоод улам бүр хойд туйл руу шахагдаж байгааг бид хэвлэл мэдээллээр өдөр бүр уншиж сонсож байна.

Сибирь, Төв Азийн аугаа уудам дайдад нэгэн цагт хүн төрөлхтний анхны соёл иргэншил болох нүүдэлчин, анчин, малчин ахуйн сүүлчийн түүдэг гагц Монголын хөдөө талд сүүмэлзэх төдий үлдээд байгаа бөгөөд энэхүү түүдгийг унтраалгүй авч үлдэх үү эсвэл ор мөргүй дэвсэлж хаях уу гэдгийг өнөөдөр монголчууд бид мэдэх хэрэг болоод байна. Хөгжил дэвшил гэж байх ч сүү дэвсэж, сүүл хөхүүлж өсгөсөн өлгий эх нутгаа устган сөнөөх, сөнөөлгөх хөгжил дэвшил хэнд хэрэгтэй вэ?
Хоёр роман ямар адилхан тухай өгүүллээ эхэлсэн. Одоо энэ хоёр номын гол ялгааг таньд хэлье. Анатолий Буйлов “Их нүүдэл”-ээ байгаль дэлхийн мөхөл сүйрлийн тухай ганц л санаагаар бичсэн бол Зян Рундорно дахины бичгийн хүний нарийн чимхлүүр ухаанаар Хятадын их гүрний бодлогыг уран санаанд нуун бидэнд хүргэж байна. Үүн дээр нь хэвлэх зөвшөөрөл олгодог түшмэдийнх нь нэмсэн төгсгөлийн хэсэг бүр хүч өгсөн байна.

Эрхэм Зян авгай таны номондоо шингээсэн, үе үе цухалзах хятад төвт үзлийн илрэл, танай түшмэдийн нэмсэн бидэнд хэрэггүй хэсгийг хасаад хаячихвал таны бүтээл Монгол, Хятадын ард түмэн бие биенээ ойлгоход нэг алхам урагшлуулах шилээвэр бүтээл болох юм.


Г.ЧОЙЖИЛСҮРЭН


1 comment:

Anonymous said...

:)