Friday, January 13, 2012

E-book #39: МОРТЕЗ МОШФЕГ КАЗЕМИ-АЙМШИГТ ХОТ

Чалэ-Мейдан дахь цайны газар

1330 оны Ша абан ээль Моаззем сарын 17-ны даваа гаригийн орой, эртний соёлт орон, их яруу найрагчдын төрсөн өлгий Персийн нийслэл Тегеран хотноо эл хуль уйтгартай. Хуй салхи үлээж тоос дэгдсэний улмаас гудамжнаа хөл хөдөлгөөн бараг зогсжээ. Гагцхүү гачаал зовлонгийн эрхээр гэрээсээ хөөгдөж гарсан үүвэр түүвэр явган хүн энэ шороон дундуур ийш тийш сэлгүүцнэ.

Тегеран хэдий том ч атугай дэлбэгч морин вагонтон хүмүүс зөвхөн хотын хойт хэсэгт суух бөгөөд ядуучуул суудаг өмнөд хэсэг нь тэр аяараа нарийхан, тахир мухар гудамжаар дүүрдэг билээ.

Энэхүү хэсэгт Чалэ Мейдан хэмээх хороолол буй нь Парисын Кур де Миракль гэдэг хороолол лугаа тун төстэй ажээ. Энд ч гэсэн тэнд ч гэсэн аливаа соёл ахуйд харшаар үл барам хүн дүрсээ алдсан хүмүүст эртнээс нааш суурьшжээ. Сохор зоосны төлөө шашны мөргөлд хэний хийморь түрүүнд явахаас эхлэн эсэн бусын юмаар маргалдаж нэгийгээ алахад бэлэн, ойртсон хүний амийг нь хороодог, дээрэмддэг хүмүүс байдаг. Одоо ч гэсэн ялгаагүй тийм мэт нь зөндөө бөгөөд ялангуяа Баба Норуз Али замын уулзварын орчим их бий.

Энэ хавиар суугчид улс төрийн бодлогоос тасархай хол. Тегераны хойт хэсэгт ямар ч явдал гарлаа гэсэн жишээлэхэд төрийн удирдах газар солигдож байхад ч энэ мэтийг мэдэлгүй өнгөрдөг байна.

Хулгайч, эрүүгийн хэрэгтэн шоронгоос зугтсан байваас цагдаа нар, дандаа энэ хорооноос олно. Хотын энэ хэсэгт хаана нј бол хаана, цайны олон газар буй тул дээрх мэтийн хүмүүс орогнож байдаг.

Миний номонд гарах үгүүллэг эхлэх тэр өдөр, цайны нэгэн газар хэдэн хүн хүүрнэлдэн байв. Түүний доторхи байдлыг ажваас тамхи, хар тамхины утаа дүүрэн халуун тогооны хиншүү ханхлан бараг харанхуй аж. Хаалган дахь цорын ганц цонхоор \бусад гурав нь сонингоор бөглөөстэй\ гадаа хуйлрах тоос харагдана. Амьсгалах агаар нь гаднаас ирсэн хүний бөөлжис хутгам аягүй болжээ.

Цайны газар цугларагсад зүсэн зүйлийн хүн байгааг ажигч хүн харваас хамгийн доорд давхаргынхан, мэргэжлийнхэн байв. Хэсэг хэсгээрээ болчихоод олонхи нь цай ууж, хар тамхи гувшин ярилцана. Тэгэхэд ганцхан хүн, буланд шигдэн суугаад, их л бодлогошрон цаасан иштэй янжуур татан хэнтэй ч үл ярилцана. Энэ бол хорин тав орчим насны, боровтор царайтай, очийг бадраасан эрвэлзүүр хүрэн нүдтэй залуу эр байлаа. Түүнийг инээмсэглэхүйд нимгэн уруулын нь цаанаас яралзсан цагаан шүд харагдах бөгөөд ийнхүү инээмсэглэх нь уруу царайтай нь үл нийцнэ. Хуучирсан хиртэй хувцас өмссөн түүний гаднах байдал, үнэхээрийн гачигдсан байдлыг илтгэнэ.

Татах (Татаж авах): МОРТЕЗ МОШФЕГ КАЗЕМИ-АЙМШИГТ ХОТ

No comments: