Friday, January 13, 2012

E-book #37: Габриэль Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал”

Колумбийн их бичгийн хүн Габриэль Гарсиа Маркесийн арван долоон настайдаа эхний нь өгүүлбэрийг тавиад, санааг нь хориод жил сэтгэлдээ боловсруулж, гучин наймтайдаа сая бичиж дуусгасан зохиол нь "Зуун жилийн ганцаардал" роман юм.

1982 онд Г.Маркес энэ номоороо дэлхийн утга зохиолд гарсан хамгийн шилдэг бүтээлд олгодог Нобелийн шагналыг хүртжээ.

Маркесийн "Зуун жилийн ганцаардал" романд домог, бодит байдал хоёр салшгүй сүлжилджээ. Энэ библийн домгоос авсан зүйл бий. Жишээлэхэд, романы эх ертөнц анх бүтсэн тухай, төгсгөл нь галав юүлэх тухай домгийг санагдуулж байна. Төрөл садантайгаа гэрлэснээс айхавтар цээрлэлд унаж, гахай сүүлтэй хүүхэд төрүүлж байгаа сэдвийг өнө эртний домгоос авчээ. Сайхан Ремедиос цагаан даавуу хөлөглөн тэнгэрт гарч, цыган Мелькиадес үхээд босож ирнэ .Дуучин, чөтгөртэй уралдаж, Амаранта эрлэгийн элчийн зарлигаар хулдсаа нэхнэ. Энэ бүхэн нь ардын үлгэрийн сэдэвтэй. Зохиолч баатруудынхаа дүрийг туульсын шинжтэй болгох далд санаагаар ийнхүү үлгэр домгийн сэдвийг өргөн ашиглажээ.

Маркесийн энэ романы зохиомжийн ноён нуруу нь Буэндиангийн зургаан үеийнхэн, анхны Буэндиагийн үндэслээд, сүүлчийн Буэндиатай хамт мөхөж байгаа Макондо хотын түүх юм. Нэгд үүнийг Буэндиагийнхны угийн бичиг гэж хэлж болно. Цаашилбал энэ нь Колумбийн хөдөө нутаг, эхлээд онгон зэлүүд байснаа өвөр хоорондын цуст тулалдаанд нэрвэгдэж, хэсэгхэн зуур гадилын компаний хүчинд цэцэглээд, хэсэгхэн зуур гадилын компаний хүчинд цэцэглээд, дахин орхигдон мартагдсан Колумбийн тэр нутгийн түүх юм. Эцэст нь энэ нь хүн төрөлхтөний үүсэж хөгжиж ирсэн түүх юм. Энэ л үүднээс уг романыг ойлгох нь зүйтэй бололтой.

Ганцаардал нь уг романы үндсэн санаа юм. Маркес ганцаардахыг Буэндиагийнхны төрөлх шинж болгон харуулжээ. Гэхдээ энэ нь амьдралын янз бүрийн нөхцөл байдлаас болж байна. Хурандаа Аурелиано Буэндиа нийгмийн гэж болох шалтгаанаар ганцаардаж байхад Урсула сохорч өтөлсний улмаас Меме, Реебека нар дурлалаа бүтэлгүй болоход, Аркадио, сүүлчийн Хосе Аркадио нар хүүхэд байхаасаа эвдэрснээс болж ганцаардаж байна. Пилар Тернера, Пьетро Креспи, Санта Софи де ла Пьедад, Геринельдо Маркес зэрэг романы бусад баатар ч адилхан юм. Гэсэн ч идэвхтэй тэмцэлд дуудсан яриа Маркесийн энэрэнгүй үзэлд нэвт шингэжээ. Хүнд буюу нийгэмд учирч болох хамгийн муу юм гэвэл ганцаардан зориг мохож, өнгөрснийг мартаж, муу муухайд бууж өгөх явдал мөн. Тэгвэл хүнийг юу ч аварч чадахгүй, түүнийг улаан шоргоолж идчих буюу энэ ертөнцөд дүүрэн байгаа бузар булай бүхэн дорхон нь залгих болно гэдгийг Маркес харуулсан байна. Чухамхүү үүнд "Зуун жилийн ганцаардал" романы жинхэнэ ардач чанар оршино. Ийнхүү уг романы талаар олон зүйлийг хэлж болно.

Гэвч Габриэль Гарсиа Маркес "Зуун жилийн ганцаардал" романыхаа далд санааг тайлж хэлээч гэж сурвалжлагч нарын хүсэхэд "би үүнд хариулж чадахгүй" гээд "Миний романыг хүн уншаад өөрийнхөөрөө ойлгож, баатруудыг нь өөрийнхөөрөө төсөөлж байгаасай, энэ бол зохиогч уншигчтай дотоод сэтгэлээрээ харилцаж байгаа хэрэг гэж би боддог" гэж хариулсан байдаг.

Татах (Татаж авах): Габриэль Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал”

3 comments:

solo solo said...

tataj avj chadssanguiee:((((
U

Anonymous said...

Баярлалаа. Гэхдээ Орчуулагчийг нь бичвэл бас зүгээр байх юм

micamongol said...

bayrlalaa zarim buren oilgoogui utga sanaag bichij tailbarlasand tani :-) Amjilt husi tand, saixan blog bna