Friday, January 13, 2012

E-book #23: Г.Уэллс-Үл үзэгдэгч хүн

Үл үзэгдэгч хүний хийсэн ер бишийн бөгөөд хөнөөл ихтэй туршлагын тухай тууж ингээд төгсөж байгаа юм. Хэрэв та цааш нь лавтайхөн мэдэж авъя гэвэл Порт-Стоугийн дэргэдэх жижигхэн гуанзад ороод эзэнтэй нь ярилцаарай. Тэр гуанзны таних тэмдэг нь бүрх малгай, шаахай зураастай хоосон самбар, хаяг нь энэ номын гарчиг юм.

Гуанзны эзний бие тагдгар, хамар монцгор, үс нь хялгаслаг ширүүн, нүүр нь улаах савхтай. Тэнд ороод архи дарс хичнээн уувал дээр өгүүлсэн явдлаас хойш юу болсныг танд төчнөөн их ярьж өгнө, бас түүнээс олдсон мөнгий нь шүүгчид хурааж авах гэж оролдсон тухай ярьж өгнө.

-Тэр мөнгө чухам хэнийх байсныг нь олохгүй болохтойгоо зэрэг намайг газраас малтаж олсон олзтой хүн мэтээр үзэх гэдэг байна шүү, бурхан минь, та өөрөө хараад үз л дээ, би газар доороор малтаж гаргасан олж шиг байна гэж үү? Намайг нэг эрхэм, Эзэнт төрийн хөгжмийн их танхимд аваачиж үзсэн харсныг минь нэгд нэггүй яриулаад орой бүр нэг гиней өгдөг байв" гэх байх даа.

Хэрэв та ярихы нь зогсооё гэвэл тэр явдалд чинь гар бичмэл гурван дэвтэр холбогдсон байна уу, үгүй юу гэхэд л болох нь тэр. Тэгвэл тийм ном дэвтэр байх нь байсан, харин тэр нь надад байгаа байх гэж зарим нь боддог, надад үнэхээр байхгүй шүү. Үл зэгдэгч хүн өөрөө надаас булаагаад авчихсан, намайг Порт-Стоу руу зугатаж байхад булаагаад авчихсан. Надад байгаа гэж Кемп носн худал хэлж байгаа юм гэнэ. Тэгээд бодол болон зогсож, таныг хулгай нүдээрээ ажиглан, шилэн аягуудыг байн байн арчиж байснаа гараад явчихна. Энэ хүн бол ганц бие, өвгөн хүн, дандаа гоонь явсан учир тэднийд бүсгүй хүн ганц ч байдаггүй. Түүний гадуур хувцас нь товчтой /энэ бол түүний ажлын байдлаас аргагүй болдог/ боловч татуурга гэх мэтийн дотуур элдэв бусын хэрэгсэл нь товчгүй, дандаа оосор бүчтэй байдаг ажээ. Ажилдаа авхаалж муутай боловч гуанзныхаа нэрийг сүрхий бодно. Хөдлөх барих нь болхи, элдвийн юм бясалгах царайтай. Хавийнх нь хүмүүс түүнийг уран ухаантай хүн гэнэ, гамнаач, арвич занг нь хэн бүр хүндэтгэнэ. Өмнөд Английн зам харгуйн тухай ямар ч тайлбарчаас илүү мэднэ.

Жилийн ямар ч улиралд гадна ертөнцтэй холбоо бүр тасрах үедаа ням гаригийн өглөө, ням гариг бүрийн өглөө өдөр бүр оройн арван цагаас хойш мань эр, ялимгүй шингэлсэн жин архи нэг шил аяга хийж аваад гуанзныхаа гийчин хүлээж авах өрөөнд орж аягатай архиа нэг юман дээр тавиад үүдээ түгжиж, цонхныхоо хөшгийг шалгаж, бас ширээн доогуураа шагайж харна. Тэгээд өөрөө үнэхээр ганцаараа байгаа юм байна гэж лавтай итгэмэгцээ нэг шүүгээний цоож онгойлгон цоожтой хайрцаг гаргаж ирээд хайрцагныхаа шургуулга дотроос хүрэн өнгийн гөлөнгөр хавтастай гурван боть гарган авч ширээнийхээ тэг дунд их ёслолын байдалтай тавина. Хавтас нь уучирч ноорсон, зарим газраа хөгцөнд идэгдсэн байна. Яагаад тийм болж вэ гэвэл урьд нэг гуун дотор өнжүүлчисэн юмсанжээ. Тэгээд хэд хэдэн хуудастай үзэг бохир усанд норж арилан балархай болжээ. Гуанзны эзэн түшлдэгтэй зөөлөн сандал дээр сууж урт шавар гансандаа тамхи чихэх бөгөөд тэр гурван дэвтрээс нүд үл салгана. Тэгснээ нэгий нь авч хуудсы нь эргэн эргэн уншиж судалж эхэллээ. Хөмсөг нь атирч уруул нь жимийн хөдлөнө.

-Зургаагийн тоо байх юм, дээр нь жижигхэн хоёр, загалмай, дэгээ ч байх шиг. Ай, бурхан минь, мөн ч толгойтой эр байж шүү! гэнэ. Тэгэсхийгээд чархмайлт нь суларч сандлынхаа түшлэгийг налан гэдийж бусдын нүднээ үл үзэгдэх юм харж байгаа мэтээр тамхиныхаа утаан дундуур тасалгааныхаа гүзгий рүү ширтэн -Нууц юм хичнээн их байна. гайхмаар нууц юм байна! Учры нь олох юм бол. Бурхан минь! Би тэрүүн шиг тэгэхгүй дээ. Би л бол ... ээ! гэж хэлээд тамхиа нэрнэ. Тэгээд амьдралынхаа арилж мөхөшгүй ид шидэт хүслэнгийн тухай бясалга сууна. Цуцахыг эс мэдэх Кемп хичнээн эрж хайвч үл үзэгдэх чанарын болон бусад гайхамшигтай нууцыг хадгалсан тэр хэдэн дэвтэр хаана буйг тэрхүү гуанзны эзнээс өөр хэн ч мэдэхгүй, түүнийг амьд мэнд яваа цагт өөр хэн ч мэдэж чадахгүй ажээ.

Татах (Татаж авах): Г.Уэллс-Үл үзэгдэгч хүн

No comments: