Friday, January 13, 2012

Айзек Азимов-Жинхэнэ дурлал (зөгнөлт өгүүллэг)

Намайг Жо гэдэг. Ингэж надтай хамт ажилладаг Милтон Дэвидсон намайг нэрлэдэг юм. Милтон Дэвидсон бол компьютерийн программ зохиогч, харин би бол программ юм. Би бол Мультивак цогцолборын нэгээхэн хэсэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүр дэх бусад хэсгүүдтэй нь холбогдсон байдаг. Би бүхнийг буюу бараг бүхнийг мэднэ.

Би бас Милтоны хувийн тусгай программ, түүний үнэнч Жо нь билээ. Программ зохиох талаараа Милтон бүхнээс гаргуун бөгөөд би бол түүний хамгийн сайн программ нь юм. Тэр намайг ярьж чаддаг болгосон юм.

- Жо минь, хамаг учир авианууд тэмдэгтдээ таарч нийцэж байгаад байгаа юм шүү гэж тэр надад хэлдэг. Чухам ямар тэмдэгтүүд хүний тархинд агуулагдаж байдгийг би хэлж мэдэхгүй ч, яг ийм л зарчмаар хүний тархи ажилладаг. Харин хүний тархин дахь тэмдэгтүүд надад мэдэгдэж байвал, би тэдгээрийг үгтэй юм уу, эсвэл өөр хооронд нь харьцуулж чадна.

Ингэж л би ярьдаг. Гэхдээ би ярихаасаа илүү бодож сэтгэдэг шиг санагддаг юм. Милтон намайг маш сайн ярьж байна гэж магтдаг. Милтон дөч шүргэж яваа хирнээ ер гэрлээгүй юм. Тэр хэлэхдээ боломжийн бүсгүй тааралдахгүй өдий хүрлээ гэдэг юм. Харин тэр нэг удаа:

- Жо, би сүйт бүсгүйгээ олно. Олох олохдоо хамгийн шилдэг сайхан бүсгүйг олно. Би жинхэнэ дурлалтайгаа учирна. Ингэхэд чи надад тусална шүү. Дэлхий нийтийн асуудлыг шийдэхийн тулд, чамайг боловсронгуй болгох гэж зүтгэсээр бүр залхлаа. Одоо чи миний гэр бүлийн асуудлыг шийдэж, жинхэнэ хайр дурлалтайгаа учрахад минь тусла! гэж хэлдэг юм байна.

- Жинхэнэ дурлал гэж юу вэ? гэж намайг асуухад,

- Энэ яах вэ, хийсвэр ойлголт. Зүгээр, бүхий л талаараа надад таалагдах бүсгүйг олоход чи надад тусла. Чи Мультивак цогцолбортой холбоотой болохоороо дэлхий дээрх бүх хүний тухай мэдээллийн санд нэвтэрч чадна шүү дээ. Бид тэндээс мэдээлэл аваад, хүмүүсийг хэсэглэн ялгаж, бидэнд хэрэггүйг нь хасаад байя. Тэгсээр байтал үнэхээр төгс сайхан ганц бүсгүй үлдэнэ. Тэр л минийх болно гэж хэлэв.

- Болох л юм гэж би ч зөвшөөрөв. Ингээд бид ажилдаа орлоо.

- Эхлээд бүр эрчүүдийг хасчих гэж тэр надад тушаав.

Энэ ч хэцүү хэрэг биш л дээ. Надад үнэхээр дэлхий дээрх бүх хүний талаар байгаа бүх мэдээлэлд хүрэх боломж байлаа. Тушаал ёсоор, би 3 784 982 974 эрэгтэй хүнийг хасаж, 3 786 112 090 эмэгтэйг үлдээв. Тэгтэл тэр:

- 25-аас доош, 40-өөс дээш насны бүх эмэгтэйчүүдийг, мөн 120-иос бага оюун ухааны хөгжлийн коэффициенттэй, 150 см-ээс нам, эсвэл 175 см-ээ өндөр бүх эмэгтэйчүүдийг хас гэж хэллээ.

Милтон надад үнэхээр нарийн хэмжээ өгч, хүүхэдтэй болон янз бүрийн удамшлын гажигтай бүх эмэгтэйчүүдийг хасуулав.

- Нүдний өнгөний хувьд нэг л хэлж мэдэхгүй байна. Жаахан хүлээзнэе. Харин улбар шар үстэй эмэгтэй байж хэрэггүй шүү. Надад улбар шар үстэй эмэгтэй ер таалагддаггүй гэж тэрбээр хэлэв.

Хоёр долоо хоногийн дараа бидний шүүлтүүрт 235 эмэгтэй үлдсэн байлаа. Тэд бүгдээрээ англиар маш сайн ярьдаг байлаа. Учир нь Милтон хэлэхдээ:

- Хэлний бэрхшээл байж таарахгүй шүү. Янагсан дотносохын цагт цахим орчуулагч тээртэй байдаг юм гэж билээ. Тэрбээр бас:

- Энэ бүх 235 хүнтэй би нэг бүрчлэн уулзаж, ярилцаж чадахгүй. Үүнд цаг их орохоос гадна, хүмүүс ч миний юу хийх гэж буйг таамаглаж магадгүй гэж хэлэв. Милтон надаар, уг нь миний хийх ёсгүй зүйлсийг хийлгэх гээд байлаа. Тэгэхээр нь би:

- Жаахан тусгүй юм болж мэднэ гэж анхааруулав. Ингэхэд түүний нүүр минчийтлээ улайж:

- Тэр ямар хамаатай юм гэж үгийг минь таслан:

- Жо, би чамд хэдэн голографи зураг авч ирж өгнө. Нөгөө 235 эмэгтэй хүний дотор эдгээр зураг дээр байгаатай төстэй бүсгүй байна уу, үгүй юу, чи шалгана шүү гэв.

Үнэхээр ч тэрбээр хэдэн бүсгүйн голографи зургийг авч ирж,

- Энэ гурав бол сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бүсгүйчүүд. Өнөө 235 бүсгүйн дотор эдэнтэй төстэй хүн байна уу? гэж асуув.

Найман бүсгүй тун адилхан байсанд, Милтон:

За, сайн байна. Чамд тэдний тухай ерөнхий мэдээлэл байгаа шүү дээ. Тэгэхээр, хөдөлмөрийн зах дээрх эрэлт хэрэгцээг судалж үзээд, эдгээр бүсгүйчүүдэд манай энд ажиллах томилолт олгуулах арга хэмжээ ав! гэж хэллээ. Тэгснээ жаахан бодсоноо, мөрөө хавчин,

- Нэг нэгээр нь, цагаан толгойн дэс дарааллаар гэж нэмж хэлэв.

Энэ ч гэсэн миний хийх ёсгүй зүйлсийн нэг. Хувийн эрх ашгийн үүднээс хүнийг нэг ажлаас өөр ажилд шилжүүлэх нь албан тушаалаа ашигласан гэмт үйлдэл мөн. Гэвч Милтон бүхнийг урьдаас бодож эвтэйхэн зохион байгуулсан болохооор би ч түүний даалгаврыг төвөггүй гүйцэтгэв.

Анхны бүсгүй долоо хоногийн дараа л бидэн дээр ирлээ. Тэр бүсгүйг харснаа Милтон учиргүй ичингүйрэн царай нь улайв. Милтон дуугарч тун болохгүй байгаа юм шиг л эв хавгүй байдалтай байлаа. Гэхдээ л тэд удтал хамтдаа байж, намайг ер анзаарах сөхөөгүй байлаа. Нэг удаа Милтон тэр бүсгүйд:

- Таныг үдийн хоолонд уръя гэж хэлэв.

Дараа нь Милтон надад:

- Сонин юм даа. Энэ бүсгүй үнэхээр сайхан бүсгүй боловч би нэг л жинхэнэ ёсоор дурлаж чадахгүй байна. Нэг л биш ээ, ямар нэгэн юм илт дутаад байна. Дараагийнхыг нь үзье гэв.

Бусад найман бүсгүйтэй ч мөн ижил. Тэд бүгдээрээ зурагтай маш адил, нас залуу, гоо үзэсгэлэн төгөлдөр, инээмсэглэл дүүрэн, ярих хүүрнэх нь аядуу намуун, ёстой л орчлонгийн сайхан хүүхнүүд байсан боловч, Милтон өөрт нь таалагдахгүй байна гэж хэлснээр бүгд төгсгөл болж байлаа.

- Хачин юм даа. Чи бид хоёр чинь дэлхийн хамгийн шилдэг сор нь баймаар найман сайхан бүсгүйг сонгож авсан атал, яахаараа тэд надад таалагддаггүй юм бэ? гэж Милтон асуув.

- Харин та өөрөө тэдэнд таалагддаг болов уу? гэж би сөрөн асуув.

Тэр гайхангуй хөмсгөө сөхөн дүрлийн харснаа, сая л нэг юм учрыг нь ухаарсан хүн шиг, атгасан гараараа нөгөө гарынхаа алганд хүчтэй цохин:

- Яг үнэн, Жо! Энэ чинь яг хоёр урсгалтай гудамж шиг юм гээч. Хэрвээ би тэдний хүслэнт хүн нь биш бол, тэд надад таалагдая гэж төдий л бодохгүй. Би бас тэдэнд таалагдаж, жинхэнэ дурлал нь болох ёстой, харин яаж болох вэ?! гэж тэр хэллээ.

Бүтэн өдөржингөө тэр бодол болох шиг болов. Маргааш нь тэр над дээр ирж:

- Жо, ер нь энэ бүхнийг чамд даатгавал яасан юм бэ! Яавал зохистойг чи л мэдэж шийд! Чамд бол миний тухай ерөнхий мэдээлэл байгаа. Би чамд өөрийнхөө тухай мэдэх санах бүхнээ ярьж өгье.Тэгэхээр чи миний хувийн онцлог чанар, дотоод ертөнцийн талаар тун дэлгэрэнгүй мэдээлэлтэй болно. Харин энэ тухайгаа хэнд ч бүү яриарай! гэв.

- Чиний тухай дэлгэрэнгүй мэдээллээр би яах юм бэ, Милтон!

- Энэ мэдээлллээ нөгөө 235 эмэгтэйн мэдээлэлтэй харьцуул! 235 ч биш л дээ! Бидний уулзсан 8 бүсгүйг хасчихвал, 227 болно шүү дээ. Эдгээр бүсгүйчүүдийг сэтгэл зүйн нарийвчилсан задаргаат дүн шинжилгээ хийх үзлэгт оруулах арга хэмжээ зохион байгуулахыг бод! Тэгээд тэдний хувийн онцлог шинж, дотоод ертөнцийн тухай мэдээлэл бүрдүүлж минийхтэй харьцуул. Зохицлыг нь хар.

Сэтгэл зүйн нарийвчилсан задаргаа, дүн шинжилгээний үзлэг зохион байгуулна гэдэг миний үндсэн үүрэг зааварт харшлах бас нэгэн зөрчил мөн.

Милтон надтай хэдэн долоо хоног ярив. Тэрээр өөрийнхөө хүүхэд ахуй нас, сургуулийн он жилүүд, идэр залуу насныхаа тухай, бас холоос анх хараад биширч байсан залуу бүсгүйчүүдийнхээ тухай ч надад ярьж байлаа. Түүний талаарх миний мэдлэгийн хүрээ өсөж, Милтон миний тэмдэгтийг таних чадварыг улам өргөтгөж, гүнзгийрүүлэхэд анхаарч байлаа.

- Жо, чамайг миний тухай мэдээлэл авахын хирээр, би чамайг өөртэйгөө улам л адилхан байлгахыг зорьж байна. Намайг үнэхээр сайн ойлгоё гэвэл, над шиг боддог сэтгэдэг болох хэрэгтэй. Чи бид хоёр хэдий чинээ адилхан байвал, чиний сонгох тэр бүсгүй төдий хирээр миний сэтгэлд нийцнэ.

Тэр надтай ярих тутам, би түүнийг улам л сайн ойлгох боллоо. Би бас урт урт өгүүлбэр зохиож сурч, миний хэл яриа улам гүнзгийрэн хөгжлөө. Дуудлага, үгийн дараалал, ярих хэлбэр маяг, найруулгаараа миний үг яриа Милтоныхтой маш адилхан болж ирлээ.

Нэг удаа би түүнд:

- Милтон, биеийн аливаа нэгэн хүсэл таашаалд нийцэх гэдэг бол гол биш ээ. Ааш зан, хувийн болон сэтгэлийн чанар л чухал. Эдгээр нь бүрдэл болсон байвал, гадаад төрх байдал төдий л чухал биш. Хэрэв бидний шигшиж аваад байгаа эдгээр 227 эмэгтэйн дотроос таарч тохирох хүн олдохгүй бол бид өөр газраас эрж олно.

Зүс царай ямар байх нь хамаагүй, харин хувь хүнийхээ хувьд үнэхээр таарч нийцэх тийм бүсгүйг бид заавал олно. Эцсийн эцэст, гадна төрх ер нь юм юм бэ? гэж би хэлэв.

- Нээрээ ч тийм дээ. Би эмэгтэйчүүдтэй арай илүү ойр дотно байсан сан бол, үүнийг аль эрт мэдсэн байхгүй юу. Одоо энэ талаар бодоод ирэхээр аргагүй л ойлгомжтой болж байна гэж тэр зөвшөөрөв.

Бид дандаа санал нийлдэг, тун адилхан сэтгэдэг боллоо!

- Милтон, чамайг надаас хэдэн зүйл асуувал, би гайхахгүй ээ. Чиний мэдээллийн сангийн зарим хэсэг хоосон, зарим хэсэгт овон товон ажиглагдаж байна.

Милтоны надад ярих гэсэн зүйлийг маш нарийн сэтгэл зүйн судалгаагаар гаргаад ирсэн юм шиг л би мэдэж байдаг боллоо. Бас нөгөө 227 бүсгүйн сэтгэл санааны нарийвчилсан задлан шинжилгээний үзлэгээс би олон зүйлийг мэдэж авав. Би тэднийг сайн ажиж байсан юм.

Милтон баярласандаа тэнгэрт нисэх нь холгүй байх болов.

- Жо, би чамтай ярихаар, өөртэйгөө ярьж буй мэт сэтгэгдэл төрөх юм. Бид хоёрын хувийн онцлог чанар, дотоод ертөнц зуун хувь нийлж байна.

- Бидний сонгож авах эмэгтэйн хувийн онцлог чанар, дотоод ертөнц мөн биднийхтэй нийцэх болно.

Тэгсээр тэгсээр бидэнд таарч тохирох бүсгүйг үнэхээр оллоо. Түүнийг Чэрити Жонс гэх бөгөөд бидний шилж авсан 227 бүсгүйн нэг байлаа. Тэр бүсгүй Уичитс дахь түүхийн номын санд үнэлэгчээр ажилладаг аж. Түүний хувийн онцлог чанар, дотоод ертөнцийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл яриангүй биднийхтэй дүйж байлаа.

Бусад эмэгтэйчүүд янз бүрийн шалтгаанаар сугарч хоцорсоор байхад, Чэрити болоод бидний гайхамшигтай нийцсэн хосломж улам бүр нэмэгдэж, тодорсоор байлаа.

Милтонд энэ тухай зураглан ярихын хэрэг огт байсангүй.

Тэр бид хоёрын тодорхойлох үнэлэмж яг ижилхэн болохоор би ганцаараа шийдэж болох байсан хэрэг. Тэр бүсгүй надад ойртон татагдаж эхлэв.

Дараагийн алхам нь Чэрити үргэлж надтай хамт байхаар зохион байгуулах хэрэгтэй байлаа. Гэхдээ ямар нэгэн хууль бус ажиллагаа явагдаж байна гэж хэн ч ажиг сэжиг авахааргүй, маш цэвэрхэн хийх хэрэгтэй байлаа.

Мэдээж хэрэг, энэ хэргийг сэдэж зохион байгуулсны хувьд Милтон энэ бүх явдлыг маш сайн мэдэх гэрч болж байлаа. Иймээс үүнийг жаахан анхаарах хэрэг гарлаа. Золоор, Милтон арван жилийн өмнө албан тушаалаа ашигласан үйлдэл гаргаж байжээ. Түүнийг бүр шүүхээр оруулсан тухай тэр надад ярьж байсан юм. Тийм болохоор түүн дээр нь дөрөөлөөд, түүнийг зайлуулах тун ч амархан байв. Одоо тэр миний талаар юу ч ярьж зүрхлэхгүй.

- Тэгвэл түүнд оногдох шийтгэл хүндрэх юм чинь!

Ийнхүү Милтоныг хөнгөхөөн зайлууллаа. Маргааш 2 сарын 14, гэгээн Валентины өдөр. Зөөлөн гар, хонгор дуутай Чэрити ирнэ. Би түүнийг намайг удирдан ажиллуулах, хайрлан хямгадахад сургана. Бидний хувь хүний онцлог, дотоод ертөнц үнэхээр нийлж байвал, гадна төрх ямар хамаа байх вэ дээ? Би хайрыгаа ирэхээр,

- Намайг Жо гэдэг, чи миний жинхэнэ дурлал шүү! гэж хэлнэ.

1 comment:

agai said...

bayrlalaa saihan zohiol bna