Friday, January 13, 2012

С.Эрдэнэ-САРНЫ СОНАТ (өгүүллэг)

Би нэг захидал авлаа. Тэр захидалд: < Олон жилийн өмнө таныг залуухан эмч байхад би сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Гашуудалт тэр жилүүдийн явдлыг дурссан минь танд хачин санагдаж магадгүй. Гэвч би танаас нэг зүйлийг гуйхаар шийдлээ. Би багаасаа уран зохиол уншдаг, зохиолчийн дүрслэн бичих чадалд итгэдэг учир таныг тус болох болов уу гэж горьдоно.

Хэн нэгний дуртгалыг сэргээж өгөх мэтийн юм хийж суух зав танд үгүйг сайн мэдэж байвч мийний дурсах гэсэн тэр хүн намайг аврах гэж яаж хичээж байсныг танаас өөр мэдэх хүн үгүй учир энэ захидлыг бичлээ. Эмч та нарын ачаар л би дахиад хүн болж хорвоогийн тоосыг хөдөлгөн, нарт ертөнцийг ухаант хүний нүдээр харж байна. Гэтэл надад тус болох гэсэн тэр хүний дүр байдлыг саная гэвч даанч манан дунд юм шиг л байх юм. Тэр хүн миний төлөө сэтгэлийн зовлонд унаж яваад л осолдсон байх гэж бодогддог. Та түүнийг санаж байгаа биз дээ? Нэрийг нь Буд гэдэг. Тэр миний ухааныг сэргээх гэж өдөр бүр ирж хөгжимддөг байсныг хожим мэдсэн юм. Нас барсанаас нь хойш хоёр жил илүү болж байж би сая эдгэрсэн юм билээ. Тэгээд Будын дүр байдлыг санах гэж оролдоод чадаагү. өнгөрсөн бүх юм байн байн үүлэнд хаагдах нар шиг орон гаран байсан. Будын яг тэрхэн үеийн байдлыг нь харах юмсан гэж бодсоор одоо хүрлээ.

Тэгээд л таныг гуйхаар шийдлээ. Будын тухай танд ямар нэг тодорхой дуртгал үлдээ ч үгүй байж болно. Гэвч зохиолч хүн элдвийг ажиглаж явдаг болохоороо анхаарсан байж юу магад гэж бодлоо. Ой ухаанаас минь тасарсан тэр жилүүдийг ялангуяа Будын дүр байдлыг нөхөн сэргээж чадвал насны нэг хэрэг бүтмээр санагдах юм. Миний тархинд үлдсэн орон гаран ой дуртгалд Будын хөгжмийн тасалданг дуу л нэг бүдэг нэг чанга болж уянгалсаар одоо хүрлээ.

Зохиолч хүн хэрвээ хүсвэл тэр дууг ч бүтэн болгож чадна гэж би итгэнэ. Таны цагийг үрэх илүү ажил гаргаснаа уучлахыг гуйж ёсолсон Урнаа> гэжээ.

Энэ захидал залуугийн явдлуудыг гэнэт санагдуулан сэтгэл хөдөлгөлөө. Өнгөрснийг үгээр зуран сэргээж тэр ч байтугай тасарсан аялгууг бүтэн болгох зохиолчийн чадалд энэ эмэгтэй итгэжээ. Гэтэл миний чадал хүрэх болов уу? Будыг би урьд ч хаяахан дурсдаг байв. Гэвч түүний хайрын дууг зүрхэндээ тасалдангиар боловч хадгалан явах хүний тухай буюу Урнаагийн тухай бараг мартсан байжээ. Гэтэл энэ захидлыг уншаад залуу зандан цагийн тэр мэт явдлыг юундаа ч мартдаг билээ дээ гэж гутарлаа. Ингээд Урнаагийн сэтгэлд одоо хүртэл уянгалсан хөгжмийн аялгууг сэргээе гэж энэхүү гунигт бяцхан өгүүллэгийг бичлээ.


Зуны нэг өдөр би сэтгэл мэдрэлийн эмнэлэгийн эмч нарын тасалгаанд гиюүрч суулаа. Манай эмнэлэгийн ихэд хуучирсан П хэлбэрийн дан байшингийн цонхны доогуур өвчтөнүүд нарлаж дэмий балай юмаа ярьцгаан, урд хашааны зах дахь уурын пийшингийн нүүрсний хог дээр хаанаас гарч ирснийг бүү мэд, нэг муу илжиг байн байн орилох нь чихэнд чийртэй. Миний тархинд элдэв бодол эргэлдэнэ.

<Муухай орилоо илжиг байна даа. Ижлээ ингэтэл дуудаж байгаа бол их л санаж мөрөөдөж дээ. Адууны төрөл гэхэд даанч олиггүй дуутай амьтан шүү. Адуу шиг хангинатал янцгаадагсан бол ижлээ ч амархан олохгүй юу. Амьтны дуу хоолой ч гэсэн алагтай эрээнтэй хорвоо юм>

Энэ мэтийг бодож суутал хаалга аяархан нээгдэж нэг хүн урьдаар хоолой засаад

<Орж болох уу?> гэв.

Цайвар царайтай, намхан биетэй, гуч эргэм насны хүн байлаа. Шингэн хар халимаг гялалзтал тослон хажуу тийш нь самнаж, томдосхийсэн хул шаргал чисчүү костюмынхаа энгэрийн халааснаас ягаан алчуурын өнцөг цухуйлгасан зэрэг нь их л нямбай дэгжин байрын тэр хүн хайрцаг нь нэлээд холторсон хийл хөгжим барьжээ.

Тэр ухаалаг бөгөөтөл балчир хүүхдийнхийг санагдуулсан номхон бор нүдээрээ ая тал засах буюу дэмжлэг эрсэн янзтай харж зогсоход би түүнийг зоригжуулан:

- Та наашаа суу. Хэрэг зориг хэнд вэ? гэж увайгүйхэн шиг асуухад тэр бас л зориг дутсан нь илт жижигхэн амаа мурийлган инээмсэглээд сандлын ирмэг дээр суулаа. Өвдөг дээрээ тавьсан хийлийн хайрцаг дээгүүр бүсгүй хүнийх шиг нарийхан цагаан хуруунууд нь далд буй хөгжмийнхөө утсыг эрэх мэт тэмтчинэ.

<Хөгжимчин л байна. Өвчтөн эргэх гэж ирсэн бол хөгжимтэйгээ биш хоол цай барьж ирмээр юм> гэж бодоод

- Та хэнтэй уулзах гэж явна даа? гэхэд ямар нэг юм шийдэж ядсан шиг цонхоор уулын толгой харав. Түүний сэтгэлд ямар нэг гунигт хөгжим уянгалж буйг би сая л таамаглалаа. Түүний энэ зориг дутсан номхон байдал сэтгэл санаа нь алс хол буюу хөгжмийнхөө тэр гунигт аялгуунд орооцолдон төөрчихснийх биз. Уулын толгой ширтэх тэрхэн зуур нүд нь ямар нэг алсын юмтай холбоо аван хэлцэх шиг болов.

- Би Урнаатай уулзах гэж ирлээ. Уулзаж болох уу? гээд тэр намайг гуйн харав.
- Уулзаж ч болно л доо. Гэхдээ хэн юунд ирснийг ухаарч мэдэхгүй шүү дээ. Одоо өвчин нь хүндрэлийн үедээ байна. Зүгээр харвал хар л даа. Та төрөл садан нь уу? гэж би бараг дэмий юм асуув.
- Үгүй дээ. Би танил нь. Бид хоёр үерхэж явсан юм.
- Эмнэлэгт хэвтээд гурван жил болоход..
- Би гадаадад сургуульд явсан юм. Харьж ирж чадаагүй гэж гэмших мэт сандран хэлэв.
- Уг нь Урнаа бид хоёр театрын хөгжимд хамт байсан юм. Өвдөөд энэ эмнэлэгт хэвтсэнийг нь хожуу дуулсан л даа. Яасан юм бол доо? Эдгэрэх найдвар бий юу?
- Яахыг хэлэхэд хэцүү л байна. Шизофрени гэдэг сэтгэлийн хүндхэн өвчин тусчээ. Ямар янзын ааш зантайгий нь та мэднэ биз дээ? Ер бусын байдал ажиглагддаг байгаагүй биз?
- Ер бусын уу? Юу ч гэмээр юм бэ дээ. Жаахан хувирамтгай, бага юмнаас эмзэглэдэг ч гэх үү, аяыг нь олоход хэцүү л хүн. Ер бусын ч гэхэд хайшаа юм. Тийм зантай хүн бишгүй байдаг даа. Гэсэн ч их л сайхан… сэтгэлд нь үргэлж хөгжим уянгалж байдаг, их л сайхан.. гээд тэр ийнхүү ер бусыг нь мэдэхгүй юм уу сайхан гэж магтсандаа сэтгэл зовох шиг уруу харав.

< Их л сайхан гэнэ шүү. Оролдож байсан нөхөр байна л даа. Хотын нэртэй хөөрхөн хүүхэн гээд наалдах гэж дагагсдын л нэг байна. Азгүй дурлалаас болж солиорлоо гэж ярьдагуудын л нэг биз> гэж би гэнэт дур гутаад

- Та тэгээд харах гэж ирээ юу? Гэж ёозгүйхэн асуулаа. Гэтэл мань эр миний өөдөөс сөргөх янзтай эгц хараад:

- Тиймээ, хармаар байна. Бид хоёр сайн байсан юм. Юугаар тус болохоо мэдэхгүй байна. Тэгээд хөгжмөө л аваад ирлээ гэж шулуухан хэлэв. Би учрыг ойлгон сувилагчийг дуудаж Урнааг эмч нарын өрөөнд оруулаад ир гэлээ. Сэтгэлийн өвчинд хөгжим яаж нөлөөлөх тухай туршилт шиг юм хийх нь.

Хэдэн минутын дараа асрагч нар Урнааг аваад ирлээ. Тэр бүсгүй орчноос бүрмөсөн тасраад бүх хөдөлгөөн нь хөшчихсөн катотони хэмээх байдалд орж босох суухаа мэдэх байтугай нүдээ ч цавчихгүй. Удаан хугацаанд гараар хооллогчоон болсноос нүднээс гарч, нүүр царай нь амьд хүнийх биш баг өмссөн мэт, гэлээ ч угийн сайхны нь ул мөр бас л арилаагүй. Асрагч нар үс гэзгийг нь янзлаад өрөвдсөндөө ч юм уу аль дүрсгүйтээд ч юм уу уруулыг нь хүртэл буджээ. Сайхан нүдтэй хүүхэн гэж цууд гаргасан урт сормуустай том алаг нүд нь зургийн юм шиг хөдөлгөөнүй гөлрөвч тэртээ далд дарагдсан ухааны хурц гэрлээр харзны ус шиг мэлтэгнэнэ.

Ямар нэг юмнаас гэв гэнэт айн хирдхийгээд тэр чигээрээ гөлөрчихсөн гэлтэй. Гэвч тэр харцны цаана, нарны туяа ойн шөвгөдөх хүүхэн харааны нь гүнд тийнхүү боогдож хавчигдсан ухааны зай чөлөө эрэх хязгааргүй зовлон гашуудал хуралдсан мэт. Тэгээд ч хүүхний энэ нүд айдас төрүүлэхийн зэрэгцээ бас ер бусын сайхан гэхэд болно. Ерөөсөө хүүхний ухаан саруул цагт ч нүд нь л ер бусын сайхан буюу бусдыг илбэдэн эрхшээлдээ оруулах чадал увидастай, түүгээрээ хүний сэтгэлийг хутган үймрүүлж тоглоом тохуу хийсэн ч хүсэл дуры нь татсан ч чадах байсан нь илэрхий.

Энэ хүний хэлснээр сэтгэлд нь хөгжим үргэлж уянгалдагсан бол тэр нь энэ сайхан нүдээр цацран бусдын сэтгэлийн утсыг цочоон доргиож хариу нэхдэг байсан биз. Тэгээд л энэ ер бусын сайхан нүднээсээ ч болсон юм билүү. Ер нь Урнаад өвчин туссан буюу цаг иртэл нуугдаж байсан өвчин нь хөдөлсөн шалтгааны тухайд бол сэтгэхүйн ямар нэг нарийн учир холбогдлыг тодруулах хэрэгтэй байлаа. Би түүний ойр дотны хүмүүстэй уулзаж ярилцсан боловч тийм нарийн зүйлийн сэжүүр гаргах юм гэвэл өнөөх азгүй дурлал гэдэг л байв. Гэвч энэ бол үнэндээ наад захын юм. Азгүй дурлалаас сэтгэлийн хямралд орох алийг тэр гэх вэ. Харин энэ ер бусын сайхан нүд, сэтгэлд нь уянгалдаг хөгжмийн эгшгээс ч болсон юм билүү? Хүний сэтгэхүйн нарийн нандинд бүрэн нэвтрэх даанч аргагүй юм.

Нөгөө хүн Урнааг хараад хэрдхийн цочиж өнөөх гөлрөн мэлтгэнэх нүдэнд нь татагдчихсан юм шиг яг ширтэн, амандаа ямар нэг юм шивэгнэж, сандал дээрээ дэмий л өндөлзөнө.

- Та айх юмгүй. Таныг таних ч үгүй. Харин хөгжмөө тоглоод үз л дээ гэж би тайвшруулав.

- Ийм болчих гэж хөөрхий минь! Одоо яанаа…Яана даа хөөрхий минь! Гэж тэр уйлан алдах зуур хийлийнхээ хайрцгийг салганан нээж, нэлээд элэгдэж хуучирсан хөгжмөө гаргав. Нүүрсний хог дээрх өнөөх илжиг орилоход би асрагч нарыг хөөж явуулаач гэлээ.

Урнаагийн танил хийлээ мөрлөөд, толгойгоо гилжиилгэн нүдээ анив. Сандал ирмэгдэж суудаг нь хөгжимчний дасал болсон зан бололтой. Тийн нэг хэсэг азнаснаа хөгжимдөж эхлэв. Бетховений сарны сонатын гайхамшигт аялгуу долгилон гарч ирэх нь тэр. Цонхны дор дэмийрцгээж байсан өвчтөнүүд ч чимээгүй болов.

Чийг үнэртсэн байшингийн нээлттэй цонхоор хийлийн уянгат эгшиг урсан урсан гарч, үд дундын нарны туяанд шингэн, үл мэдэг салхи хөдөлгөж ухаан санааг дуудан дуудан одох мэт. Сарны сонат, сарны гэрэл.. Сарны цагаан туяан дор мөрний намуухан урсгал мөнгөрөн, хэм үл алдан мяралзах харгиан дээр оддын туяа гялс гялсхийн, уйтгарт анир чимээгүйн дунд хэн нэгнээр санаа алдан ахуйд мөрний харгилах долгисын гэрэлд хүсэн мөрөөдсөн хайрт хүний нь мишээх сайхан нүд үзэгдэн үзэгдэн алдаад, алсаас түүний дуудах дуу гарав уу гэтэл замхран, алсын одод мөрний усыг гэрлээрээ тэмтрэхдээ тэр дууг нэг эрэн тэмтрэвч олж ядсан сэтгэлийн уйтгар зүрхийг шимшрүүлнэм. Дунай мөрний хөвөөнд сартай шөнө санаашран, зогдроо унуулсан хөгшин арслан шиг толгой гудайлган, долгисыг ширтэх Бетховений нүдэнд аль тэртээ залуу цагийн Жульетта Гвинчардийн ер бусын сайхан нүд нэг үзэгдэн нэг далд орох бөгөөд алдагдсан хайр дурлалын дуртгал болж үлдсэн сарны сонат тэр цагаас хойш хүн хүний сэтгэл зүрхэнд дамжин уянгалсаар одоо хүрсэн мэт. Мөрний мөнгөлөг урсгал, сайхан нүд … Ер бусын сайхан нүд …

Урнаагийн нүдний гүнээс ухаарлын гэрэл сүүмэлзэх шиг болсноо ертөнцийг хаасан мананг нэвтэлж үл чадан буцаж далдарснаа сарны сонатын уянгат аялгуу бага багаар сэтгэлд нь нэвтрэн, өнөөх аймшигт хүлээс боолтыг тайлан чөлөөлөх үзүүр сэжүүрийг алдан барин байна уу гэлтэй. Хүүхний тун ч уран гоолиг агсан хүзүүний судас лугших нь хүртэл түргэсэн, мод шиг хөшчихсөн хурууны нь үзүүр үл мэдэг чичирхийлэхийг би үзээд

< Үргэлж сэтгэлд нь уянгалдаг байсан хөгжим зай чөлөө олоод ухаанд нэвтрэхийг хэн байг гэх вэ. Цочрол мэдрэхүйн ямар нэг нарийн зааг цэгт тэр нь хүрээд сэтгэхүйд бас ямар нэг эргэх холбоо үүсгэх юм уу аль эрт холбоо тасарсан доминантыг сэргээж ч юу магад> гэж бодлоо.

Тэгтэл миний бодлыг батлан Урнаагийн нүдэнд өнөөх ухаарлын гэрэл гэнэт дүүрч ирээд чийг дааварлан мэлтэгнэж, тэр нь аажуухан хур хурсаар нэгэн дусал нулимс болж нүдний нь булангаас арай ядан тасраад хацар дээгүүр нь алгуурхан бөмбөрөв. Нүдний нь харцанд илбэдэгдэн ширтэж суусан хөгжимчний уян хуруунууд хийлийнхээ утаснаас шүүрс алдах мэт тасалданг зөөлөн дуу татаад агаарт сарвайн хоцров. Нулимс уналаа! Ганцхан дусал нулимс ч гэсэн уналаа. Хэн хэн маань дотроо ингэж хашгирсан биз. Энэ ганцхан дусал нулимс бол чухам мянган лангийн үнэтэй! Миний баярласан гэдэг тоймгүй. Урнааг, энэ гайхамшигтай хөгжимчнийг барьж аваад үнсмээр байлаа.

Урнааг асрагч нар авч одсоны дараа хөгжимч бид хоёр удтал хүүрнэлдэж сайн танилцав. Тэр сарны сонатын учрыг ярьсан нь уяралтай бөгөөд харамсалтай. Урнаа, Буд хоёр хотын нэг гудамжинд багаасаа тоглон өсөж бага сургууль, хөгжмийн сургуульд хамт суралцаад дуурийн театрын найрал хөгжимд хамт ажиллаж байжээ. Багын үерхэл яваандаа хайр дурлал болон хувирах нь амьдралд цөөн бус тохиолдоно. Харин энэ хоёрын хувьд бол их л хожуу мөртөө гаслантайгаар тохиолджээ. Нэг нь гоо үзэсгэлэнгээрээ, нөгөөдөх нь авьяасаараа цууд гарснаас л хожмын хэрэг явдал үүдсэн бололтой. Авьяас, гоо үзэсгэлэн хоёр нэг хүнд тэгш заяагдах нь ховроос сэтгэлийн зөрчил бухимдал тэр ч байтугай эмгэнэлт явдлын шалтаг болдог.

Буд авьяасаараа нэрд гарахын үес түүнийгээ гоо үзэсгэлэнгээр улам бүр чимэглэн гэрэлтүүлэх хүслэн оргилоод иртэл тэрхүү мөрөөдөлт гоо сайхныг цогцлуулагч нь гэв гэнэт Урнаа болон харагдаж дур сэтгэлийг жолоогүй булаажээ. Тэр бол сэтгэлийн хөгжмийн аялгууг чимэглэсэн ер бусын хайр дурлал байлаа. Түүнийг нуун дарагдуулах нь зүрхийг эмтэлсэн зовлон байтал ил гаргаж зүгээр л эр эмийн ёсонд оруулбал ул мөргүй мөхөн сөнөх юм шиг аймшигтай байлаа. Тэгээд л Буд, Урнааг өдрийн бодол, шөнийн зүүд болгож, яавал ойр дөт байж салхины нь доогуур гарахыг ч хичээн тэгсэн мөртөө тэр ер бусын сайхан нүд, эмзэг шархламтгай ааш зангаас нь айгаад, биеэрээ биш зөвхөн сэтгэлд уянгалах хөгжмийнхөө эгшгээр хүрэлцэх буюу биет бус хийсвэр гоо сайхныг амтлан явжээ.

Гэвч эр хүн юмсан хойно хичнээн тэгж явах билээ. Түүнийг нэг л өдөр эвдэх хэрэгтэй байлаа. Гэтэл Урнаагийн гоо үзэсгэлэн нь авьяасыг биш харин өөртэйгээ тэнцэх гоо сайхныг эрэлхийлэх эргүүлгэнд орчихсон байжээ. Тэр нь ч гуниг зовлон авчрав. Урнаа нэг циркчин залууд сэтгэлтэй болжээ. Тэр залуу хэдийгээр эр хүний бие цогцсын гоо үзэмж сонгомлоор бүрдсэн боловч мэдрэхүй нь ухаанаа дийлсэн муйхар түрэмгий эр байв. Тэр ялангуяа бүсгүйчүүдийн гоо сайхныг Буд шиг хийсвэрээр биш ганцхан биеэр нь эдлэх дуртай шуналтангуудын нэг байлаа. Урнаа тэр залуугийн чухам юунд нь тэгтлээ автагдсаны учрыг мэдэх гэж Буд зориуд цирк үздэг ч болов. Солонгын гэрэл цалгилсан циркийн дугуй дэвжээнд олон өнгийн гялтгануураар чимсэн шуудагнаас өөр хувцасгүй тэр залуу гарч ирээд аварга ширмэн туухайнуудаар тэвэг шиг наадаж булчингуудыг нь товойлгон сийлсэн мэт хүрэл биеэ гялалзуулах нь үнэхээр бахдалтай харагдан

< Надтай даанч зүйрлэмгүй сайхан төрсөн эр юм даа> гэж эрхгүй бодогдоно. Тэгэвч тэр сайхан бие бол нэг л үзмэрийн шинжтэй, зуурдын үзэгдэл шиг итгэл алдагдуулам. Тийнхүү Буд түүнд атаархавч Урнаагийн болоод тэр залуугийн гоо үзэсгэлэн нь ч бас л түр зуурын найдваргүй холбоо үүсгэснийг зөгнөн сэтгэл зовж явлаа. Тэр зөнгөөр нь болжээ. Эдэлж хэрэглээд эвдэж сүйтгэхээс нааш санаа нь амрахгүй адгуусны чанарын тэр хүн Урнааг жирэмсэн болгоод хаяжээ. Урнаа гашуудал бухимдлын туйлд хүрч хэвлийдэх үрээсээ арай чүү ангижраад нэг хэсэг элий балай хачин болжээ.

Тэгээд Будыг мананд бүрхэгдсэн сайхан нүдээрээ хий алгасан харж, шөнөжин сарны сонатыг хөгжимдүүлэн, төгөлдөр хуурын гялтганах гадар дээр нулимсаа унаган гашуудах нь элэг эмтрэм. Тэрхүү гашуудалт байдал түүний гоо үзэсгэлэнг улам ч яруу уянгатай болгож Будад ямар нэг алсын мөрөөдөл буюу өөрийн авьяасын увидас хүчинд итгэх итгэлийг төрүүлэн сарны сонатыг гайхамшигтай уран чадварлаг бөгөөд өөрийнхөөрөө хөгжимдөх болов. Тийнхүү сарны сонат Урнаад бол зүрх сэтгэлийг нь эмтчин одсон хайр дурлалын тухай гунигт дуртгал. Будад бол үзэсгэлэн гоо царай зүс, ер бусын сайхан нүд, гэлээ ч бүхнийг эрхшээлдээ оруулж чадахгүйг санагдуулан ялангуяа хүний ухааны бүдүүн хадууныг ухааралгүй сэтгэлийн зовлонд унасан амрагаа өрөвдөн аргадах хайрын дуу болжээ. Энэ нь харийн тэрхүү гунигт гоо сайхныг эвдэлгүй сэтгэлээ ариун тунгалаг авч явахын андгай мэт болжээ. Тэгээд л энэ.

Буд энэхүү гунигт түүхээ ярьж нэлээд суугаад явахад би түүнийг их л өөрөөр үзэх болсон байв. Түүнийг сайхан хүн гэж бүрэн болох биз. Зөвхөн бие бялдар галбир хэлбэрийн талаасаа хүмүүсийн нүдэнд тэр болгон тусах хүн биш гэлээ ч зэрвэсхэн боловч ажсан хүнд түүний ухаан авьяас нүдэнд нь ч, хөдлөх ярих аашинд нь ч илэрхий. Түүнээс ямар нэг номхон даруу, итгэлтэй бас яруухан мөрөөдөлт ааш араншингийн гэрэл гэгээ орчин тойронд тусна уу гэлтэй.

Буд тэр өдрөөс хойш бараг өдөр болгон ирж Урнаад хөгжимдөх болов. Би тэдэнд цахилгаан нойрсуулалтын бяцхан тасалгааг гаргаж төгөлдөр хуур тавиулж өглөө. Би хөгжмөөр сэтгэлийн өвчнийг анагааж болно гэж итгэхгүй боловч гайхамшигт тохиолдол ч байж болохыг үл үгүйсгэн бас Будын сэтгэлийг бодоод тэднийг ажиглан, Урнааг улам идэвхтэй эмчилж байлаа. Тийнхүү нэлээд хоног өнгөрөхөд эмчилгээнээс ч юмуу, хөгжмөөс ч юмуу Урнаагийн царай бяцхан гэрэл орж, ухаангүй хяртайн мэлтийсэн нүдэнд нь хааяа илааршихийн жиг совин үзэгдэх шиг болдог болов. Буд бид хоёр их л урамтай. Юмыг яаж мэднэ. Урнаагийн сайхан нүд нэг өдөр ухаанаар цалгилан гэрэлтэх ч юм билүү.

Гэтэл гай дайрлаа. Дайрах дайрахдаа даанч өршөөл авралгүйг яана. Буд хоёр гурав хоног ирэхгүйд гайхаад сураглатал машинд дайруулаад эмнэлэгт хэвтсэн байв. Би мэс заслын эмнэлэгийн гэмтлийн тасагт гүйж очлоо. Буд ухаангүй хэвтэж байв. Түүний хөл, гар хугарч бяцраагүй атлаа тархины нь суурь яс гэмтсэн учир маш хүнд ажээ. Бид түүнийг аврах гэж хэд хоног нойр хоолгүй зүтгээд дийлсэнгүй. Би Будтай танилцаад удаагүй боловч төрсөн ах дүүгээ алдсан мэт машид гашуудлаа. Тэр Урнаагаа хөгжмийн эгшгээр аварч чадах эсэх байсныг бүү мэд. Би хэн хэнийг нь аварч чадаагүй гэмтэй юм шиг сэтгэлийн хүнд дарамтанд орлоо.

Удалгүй би өөр ажилд шилжиж сэтгэл мэдрэлийн эмнэлэгээсээ холдсон бөгөөд эмч байсан залуу цагийнхаа жилүүдийг санахад Будын хөгжимдсөн сарны сонат сэтгэлд минь уянгалан миний ч амьдралд тохиолдсон гунигтай баяртай явдлуудыг нүднээ тодруулдаг билээ. Одоо өөрий нь бичсэнээр <Нарт ертөнцийг ухаант хүний нүдээр харж > явааг мэдээд би хүний хайр сэтгэлийн хүчинд итгэн бишрэхийн чацуу энэ хорвоод хүн хүнтэйгээ мартагдавч сэргэх ил далдын түмэн шинжмээр холбоотойг эрэгцүүлэн бодлоо. Хайрын сарны сонат зүрхний алтан чавхдаснаа эгшиглэх юутай жаргалан. САРНЫ СОНАТ


Download: John_grant-1._Beethoven_Moonlight_Sonata_(Grant)

Richard Clauderman - Moonlight sonata

Сэтгэгдэлүүд:

1. МОНГОЛХҮҮ | 2008-12-25 14:35:13
Erdene guain ene ueiin zohiol oguulleguud gaihaltai shuu. Hairtai ulaan nomnuudiin maani neg
2. etegshee | 2008-12-25 14:45:17
Гоё бичжээ. Баярлалаа. Харин Сарны сонатыг нь сонсож үзмээр л байна
3. weatherman | 2008-12-25 17:57:12
Hi Etegshee. Сарны сонатыг татаж авч сонсоорой гээд доор нь татаж авах 2 линк тависан байгаа ш дээ. Enjoy!
4. betty 24 (зочин) | 2008-12-26 12:36:39
Haramsaltai yumaa

No comments: