Friday, January 13, 2012

Электрон ном #77: А.Дюма-Монте Кристо гүн 2-р боть

Гайде нүд духаа арчаад,

-Тэр завсар харанхуйд дассан бидний нүд пашийн явуулсан хүнийг танив. Энэ бол манай нөхөр найз байв.

Селим түүнийг бас танисан боловч зоригт залуу, зөвхөн захиргдах гэдэг үгийг сайн мэддэг хүн байв.

"Чи хэний нэрийн өмнөөс ирэв?"

"Би манай эзэн Аль-Тебелений нэрийн өмнөөс ирэв."

"Хэрвээ би Алийн нэрийн өмнөөс ирсэн бол надад юу өгөхөө мэдэх ёстой."

"Мэднэ ээ, би чамд түүний бөгжийг авчрав" гэж ирсэн µүн хариулав.

Тэгээд гараа толгой дээрээ өргөв. Гэвч бидний зогсож байсан газраас Селим тэр хүний үзүүлж байгаа юмыг ялган танихад дэндүү хол, хүрэлцээтэй гэрэлгүй байв.

"Чиний гарт юу байгаа харахгүй байна" гэж Селим хэлэхэд ирсэн хүн,

"Чи нааш дөхөөд ир, эсвэл би чам уруу очьё" гэж хэлэв.

"Аль нь ч болохгүй. чи надад үзүүлж байгаа юм аа гэрэлд харагдах газар өөрийнхөө байгаа газар тавиад намайг харах хооронд цаашаа яв" гэхэд,

"За сайн" гэж ирсэн хүн хэлээд барьж байсан юмаа газар тавиад цаашаа явав.

Бидний зүрх булгилан цохилж байв. Бидэнд нээрээ л бөгж байх шиг харагдав. Гэхдээ эцгийн минь бөгж мөн үү?

Селим асаалттай бамбараа гараасаа салгалгүй дөхөж очоод бөгжийн авч харснаа

"Эзний бөгж мөн байна гэж хэлэнгээ үнэсээж - За сайн" гэж хэлэв.

Тэгээд бамбараа газар уруу хаяж хөлөөр дэвсэн унтраав.

Ирсэн хүн баярлан хашхирч алгаа ташив. Энэ дохиогоор Куршидын дөрвөн цэрэг гүйж ирээд таван чинжаалд сүлбүүлсэн Селим газар унав.

Айн зэвхийрсэн хэвээр байсан боловч ялт хэргэндээ улайрсан цэргүүд хонгил уруу гүйлдэн орж энд тэнд гал байгаа эсэхийг хараад хүүдийтэй зооснууд уруу дайрлаа.

Тэр завсар ээж миний гараас шүүрэн, аймшигт шуугиан дэгдэж байсан тал уруу гардаг зөвхөн бидний мэддэг нууц шатаар гүйв.

Тасалгаа нь манйад дайрсан Куршидийн цэргээр дүрэн байлаа.

Ээж хаалгаа онгойлгох гэтэл аавын аймшигт дуу дуулдана. Тэгэхэд ээж банзны завсраар шагайв.

Миний өмнө санамсаргүй нэгэн нүх тохиолдож би түүгээр харав. Тэгэхэд аав алтан үсэг бичсэн бичиг барьсан хүмүүс өөд харж,

"Та нарт юу хэрэгтэй вэ" гэв.

Тэгэхэд тэдний нэг нь,

"Бид яамд эрхэм дээд эзний санаа зоригийг хэлэх гэсэн юм. Чи энэ зарлигийг харж байна уу?"

"Харж байна" гэж миний аав хэлэв.

"Тэгвэл унш, тэр чиний толгойг авчрахыг шаардаж байна" гэхэд миний аав ямар ч аюул заналхийллээс илүү аймшигтайгаар тачигнатал хөхрөв.

Хоёр гар бууны гохыг дараахдаа бас л инээсээр байв. Буун дуу хоёр дуугарч хоёр хүн үхэдхийн ойчив.

Аавыг тойрон хэвтэж байсан торгон цэргүүд гал нээж, тасалга дүүрэн нүргээн, гал дөл утаа боллоо.

Эгшин зуурын дотор нөгөө талаас гал нээж буун сум бидний хажуу талын самбарыг цоо цохив.

Миний эцэг Али-Тебелин дарийн утаанд нүүр нь харлаж, гартаа тахир сэлмээ барин сумны исгэрээн дунд зогсох нь ямар сайхан ямар их агуу байсан гэж санана!

"Селим Селим гал хадгалагч минь, үүргээ биелүүл" гэж хашхирч байв.

"Селим алагдсан эзэн ноён Али минь чи бас өнгөрлөө" гэж хонгилоос нэг хүн хэлэв.

Тэгээд бүдэг чимээ гарч эцгийн минь хөл доорхи шат бутран цацрав.

Цэргүүд шалын завсраар буудаж байв. Гурав дөрвө торгон цэрэг доороосоо буудсан суманд сийчигдэн унав.

Эцэг хүнгэнэн дуугарч, сум цоо цохисон банзны нүхэнд хуруугаа хийж шаднаас бүтэн банз ховх татан авав.

Гэтэл энэ нүхээр нь хориод бууны дуу нирхийж, гал уулын тогооноос утаа оргилох мэт дарийн утаа нүргэлэн бүрхэв.

Энэ аймшигт шуугиан чимээ, хашхиралдааны дундаас бууны хоёр чанга дуу хоёр удаа зүрх шимшрэн хашхирах дуу зүрх хагалчих шахав. Энэ бууны дуу эцгийг минь үхтэл шархдуулж аав минь тийм аймшигтайгаар хашхирсан байв.

Гэвч тэр цонхноос зууран зогссоор байв. Ээж минь түүнтэй хамт үхэх гэж хаалгыг бүх хүчээрээ татсан боловч дотроосоо түгжээтэй байсан тул онгойсонгүй.

Түүний дэргэд торгон цэргүүд үхэхийнхээ өмнө татганан байх нь харагдана. Тэдний дотроос шархдаагүй эсвэл хөнгөн шархадсан хоёр гурван хүн цонхоор үсрэн гарлаа.

Тэр үед доороос нь цохисон хүчтэй цохилтын үед шал дэлбэрлээ. Аав өрөөсөн өвдөг дээр ойчход сэлэм, буу, хутгаар зэвсэглэсэн хориод гар цухуйн гарч, ганц хүнийг хорин хүн цохиж эцгийг минь хөл доор там буцлах галт шуурга хашхиралдаан болов.

Би газар ойчих шиг болсны учир нь ээж ухаан алджээ.

Гайде гиншин дуугарч гар нь өвдөг дээрээ ойчин, түүний үүргийг дуулгавартай биелүүлсэнд сэтгэл хангалттай байна уу гэсэн янзтай гүн өөд харав.

Татах (Татаж авах): А.Дюма-Монте Кристо гүн 2-р боть

4 comments:

seilerveneria said...

Bayrlalaa.onoodor anh udaa blog-r zochilj bnaa, mash ih taalagdlaa. Amjilt husiy

B Mongoo said...

tatah holboosiig dahin oruulj boloh uu

B Mongoo said...

tatah holboosiig dahin oruulj boloh uu

MeKa said...

End tataj bolj baigaa nom bga yumu ????????? ymar ontsgui yum be hariu