Friday, January 13, 2012

Электрон ном #75: В.Коллинз-Саран чулуу

Миний бие, үеэл ах Жон Хэрнкастлийг нөхөрсгөөр гар барих гэхэд нь татгалзсаны учрыг Англид суугаа төрөл садандаа тайлбарлах зорилгоор үүнийг Энэтхэгээс бичиж байна. Энэ тухай өдий болтол дуугүй явсныг минь тэд буруу ойлгосон ба төрөл төрөгсдийнхөө сэтгэлд сэв суулгахыг би хүсэхгүй байна. Миний захидлыг уншихаасаа өмнө яаран хийсэн дүгнэлтээсээ тэднийг түр ангижрахыг би гуйж байна. Би зөвхөн хатуу, маргаангүй үнэнийг өгүүлнэ гэж нэр төрөө барин тангараглая.

Үеэл ах бид хоёрын битүүлэг зөрөлдөөн 1799 оны тавдугаар сарын дөрөвний өдөр генерал Бэрдийн удирдлага доор Серингапатамыг дайрах үед эхэлсэн юм. Эл агуу их үйл явдалд бид хоёул оролцсон билээ.

Нөхцөл байдлыг бүрэн ойлгомжтой харуулахын тулд бүслэлт эхлэхийн өмнөх үеийг, тухайлбал Серингапатамын ордонд өчнөөн төчнөөн алт, эрдэнийн чулуу хадгалсан байдаг тухай манай хуаран даяар ярилцаж байсныг эргэн дурсах нь зүйтэй юм.

Тэр яриа хөөрөөний дотор, Энэтхэгийн он дарааллын бичигт тэмдэглэсэн нэгэн алдарт зүйл болох Шар алмазын түүх хамгийн санаанд багтамгүй ярианы нэг байлаа.

Өнө эртний сайхь домогт чулуу Энэтхэгийн дөрвөн мутарт Сарны бурхны магнайг чимж байсан гэжээ. Ер бусын өнгөөрөө ч юмуу, эсвэл чимж буй бурхныхаа аяст захирагддагаас сар тэргэлтэх буюу хавиргалахад гэрэлтэн гялалзах өнгө нь тодорч, бүдгэрэн хувирч байдаг хэмээн сохроор итгэдгээс ч тэр үү, эл эрдэнийн чулууг Энэтхэгт эдүгээ хүртэл САРАН ЧУЛУУ гэж нэрлэдэг ажээ. Иймэрхүү итгэл эртний Грек, Ромд ч байсныг би сонссон юм. Гэхдээ аль нэг бурхан чимсэн очир алмазыг бус, харин чанар чансаа муу боловч сарны нөлөөгөөр өнгө нь хувирдаг учраас мөн л саран чулуу гэж нэрлэсэн байх ба манай үеийг хүртэл чулуу цуглуулагчдын дунд тийнхүү нэршсээр иржээ.

Энэтхэгийн шар алмазтай холбоотой элдэв адал явдал манай тооллын XI зуунаас эхэлсэн байна.

Тэр үед лалын шажинтан, байлдан дагуулагч Газнийн Махмуд Энэтхэгт халдан орж, Сомнатх хэмээх ариун хотыг эзлэн, хинди мөргөлтнүүд хэдэн зууны турш шүтэж ирсэн, дорно дахины гайхамшиг болсон алдарт сүмийн эрдэнэсийг тонон дээрэмджээ.

Сүмийн бурхдаас Сарны бурхан л хомхой сувьдаг байлдан дагуулагчдын саварт ороогүй байна. Магнайдаа шар алмаз чимэгтэй тэрхүү онгон ариун шүтээнийг хамгаалдаг гурван бярман түүнийг шөнө сэм авч гараад Энэтхэгийн ариунаараа удаах хот Бенарст аваачсан ажээ.

Шинэ сүмд, эрдэнийн чулуугаар чимэглэсэн танхимийн алтан багана тулсан хүнхэр дээвэр доор Сарны бурхныг залаад дахин шүтэж тахих болов. Уг сүмийг барьж дууссан шөнө Вишну бурхан нөгөө гурван бярманы зүүднээ залран үзэгдээд, ариун тахилын магнайг чимэгч алмазыг үлдээжээ. Гурван бярман нүүрээ хувцсаараа даран сөхрөн унахад нь Саран чулууг үеийн үед өдөр шөнөгүй сахин хамгаалж байгтүн хэмээн лүндэн буулгаж, нөгөө гурван тайлгач ч Бурхны зарлигийг дуулгавартайяа бишрэн сонсчээ. Эл чулууг зүй бусаар эзэмшихийг зүрхэлсэн этгээд болон чулууг өвлөн авсан үр садад нь золгүй тавилан учирна хэмээн Вишну айлджээ. Гурван бярман Вишнугийн айлдсан үгийг тахилын сүмийн хаалган дээр алтан үсгээр бичиж үлдээ гэж зарлигдсан байна.

Зуу зуун жил улиран өнгөрч, нөгөө гурван бярманы үр ач ариун чулууг үе дамжин өдөр шөнөгүй сахин хамгаалсаар Их Моголын хаадын удмын Аранзэвийн халдан орсон XVIII зууны эхийг хүргэжээ. Аранзэвийн тушаалаар Бярманы мөргөлийн хийдийг тонон дээрэмдэж, эвдэж сүйтгэсэн бөгөөд ариун адгууснуудыг хороон дөрвөн мутарт Сарны бурхны сүмийг бузарлан ариун нандин тахилыг нь хэдэн хэсэг хагачин хаяж, харин Саран чулууг Аранзэвийн нэг цэргийн дарга тонон авсан аж.

Алдсан эрдэнээ хүчээр эгүүлэн авах чадал мөхөстсөн гурван бярман хувцсаа сольж өмсөөд нөгөө этгээдийг мөшгин дагажээ. Нэг үе нөгөөгөөр солигдсоор, шүтээнийг бузарлаж ариун чулууг зүй бусаар эзэмшсэн дайчин аймшигт үхлээр нас нөгчив. Саран чулуу хууль бус эзэмшигчдээ элдэв гай зовлон тарьсаар буруу номтны гар дамжин явлаа. Элдэв хувьсал өөрчлөлт гаравч гурван бярманы үр сад Саран чулууг даган сахиж, Вишну бурхан ариун шүтээнийг нь эгүүлэн хайрлах цагийг тэвчээртэй хүлээнэ. Ийм маягаар XVIII зууны эцэс хүрсэн ба хожим нь Серингапатамын султан Типпугийн гарт орж, мань хүн түүгээр чинжаалынхаа бариулыг чимээд хамгийн үнэт эрдэнэстэйгээ хамт зэвсгийн өрөөндөө хадгалжээ. Тэр үед ч, бүр султаны ордонд, гурван бярман ариун чулуугаа нууцхан манасаар байжээ. Типпугийн бараа бологсдын дунд лалын шашинд сүсгээрээ ч юм уу, эсвэл хуурмагаар дагаар орсон гурван харийн хүн байсан нь зүсээ буруулсан нөгөө гурван тайлгач байсан гэлцдэг билээ.

Татах (Татаж авах): В.Коллинз-Саран чулуу

No comments: