Friday, January 13, 2012

Электрон ном #74: Эрнст Хэмингуэй-Зэр зэвсэг минь баяртай

Тэр жил зун орой тосгонд байхад минь, бидний суудаг байшингаас гол, голын цаадтайх тэгш тал, алсын уулс харагдаж, голын сайр хайрга дайргаар дүүрээд, наранд цайран хуурай дааж, устай газраа түргэн урсгалтай, тунгалаг, цэв цэнхэр байлаа. Байшингийн дэргэдүүрх замаар цувж байгаа цэргийн хөлөөр боссон тоос модны навчсыг хучна. Модны иш аанай л тоосонд дарагдан, тэр жил навчис эрт унаж эхэлсэн бөгөөд замаар цэрэг явах, тоос манарах, салхинд үлээгдсэн навчис унахыг бид ажиглан, цэргүүд алхалж өнгөрөхөд хувхай цагаан навчис л зам дээр үлддэгсэн.

Голын цаадтайх тэгш тал үржилт хөрстэй учир жимсний цэцэрлэг ихтэй, түүний цаадтайх нүцгэн бараан ууланд тулалдаан болж, шөнийн цагт тэсрэлтийн гэрэл үзэгдэж, цахилгаан цахих шиг болдог байсансан. Шөнөдөө сэрүүхэн авч хур буух шинж огт үгүй.

Харанхуй болохоор манай цонхон доогуур зэвсэг тээсэн машин, цэргүүд өнгөрөх нь үргэлж сонсогдоно. Шөнийн цагт замын хөдөлгөөн ихдээд янгирцаг тохож, цэргийн нөөцтэй хайрцаг тэгнэсэн луус бөөн бөөнөөр цувж, цэрэг ачсан саарал машүин явах агаад берзентэн бүтээлгэтэй ачаа ачсан машин тун удаан хөдөлнө. Өдөр ч гэсэн хүнд зэвсэг ачсан чиргүүлтэй машин явахдаа урт зэвсгээ ногоон мөчрөөр хучаад, машины дээгүүр өтгөн ногоон мөчир, усан үзмийн нахиа тавиастай байна. Биднээс умар зүг орших хөндийн цаадтай туулайн бөөр модны төгөл, бүр цаана нь голын наад эрэгт нэгэн том уул байна. Тэр уулыг мөн эзлэх гэж тэмцсэн боловч амжилт олсонгүй. Намар болж, бороо цутгаад туулайн бөөр модны хамаг навч хийсэж, мөчир нь хувхайрахн, иш нь бороонд харлана. Усан үзмийн мод бас л навчаа гүвэн нүцгэрч, эргэн тойрон харих цагийн жамаар мөхсөн, норсон, бараан үзэгдэнэ. Голын дээгүүр манан хөшилдөөд, уулын оройг үүлс ороон, ачааны машин зам дээр шавхай үсэргэн, шавар шавхай болж норсон цувтай цэргүүд нойтон буутай явах бөгөөд сумны хоёр ширэн цүнх, бүсэндээ зүүсэн, 6, 5 миллиметрийн сумны нарийхан хүнд гэртэй саарал ширэн цүнх урдтай нь цуваан дор нь түнтэгнэн, замаар явж буй тэр цэргүүд зургаан сартай жирэмсэн эмэгтэй шиг ажээ.

Жолоочийн дэргэд ар талд нь хэдэн офицер суусан нэг суудлын жижигхэн саарал тэрэг тун хурдан дамхилдана. Тийм машин нь ачааны машинаас илүү шавхай үсэргэдэг бөгөөд хэрвээ атигар намхан офицер яваа бол ар талд нь хоёр генералын хооронд сууж, халхлагдаад нүүр нь харагдахгүй, зөвхөн малгайн орой, нарийнхан нуруу л цухуйна. Хэрвээ тийм машин онцгой хурдтай өнгөрвөл ван хаан явж байж таарна. Удинд ван хаан суудаг агаад бараг өдөр бүр энэ замаар явж, ажил байдлыг хардаг билээ. Ажил байдал нь тун ахицгүй байлаа.

Татах (Татаж авах): Эрнст Хэмингуэй-Зэр зэвсэг минь баяртай

No comments: