Friday, January 13, 2012

Электрон ном #67: Ж.Верн-Дэлхийн төв уруу аялсан нь

1863 оны тавдугаар сарын 24-ний ням гаригт миний нагац ах профессор Лиденброк Ханбург хотын Конигстрасс гудамжин дахь 19 номерын бяцхан байшиндаа яаран буцаж ирэв.

Өдрийн хоёр цаг болоогүй учир үдийн хоол ч бэлдэж амжаагүй байлаа.

Зарц эмэгтэй Мартэ хоолны тасалгааны үүд нээж:

-Ноён Лиденброк, ирчих нь энэ үү! гэж дуу алдав. Үүнийг сонсоод "Нагац лав ууртай ирэв бололтой" гэж намайг бодох зуур Мартэ:

-Ороод ирлээ. Би явалгүй горьгүй нь. Ноён Аксель та, түүнийг тайвшруулж үзээрэй гээд гарч одов.

Би ганцаар үлдсэн боловч профессорын хэл амыг татлах зүрх хүрсэнгүй. Гэрийн эзэн гаднаас ирээд ажлынхаа тасалгаа уруу шууд гүйж орох үед би өөрийн жижиг өрөөг янзалсан болж байлаа. Нагац таягаа тасалгааны булан руу шидэж малгайгаа ширээн дээр хаямагц:

-Аксель нааш ир! гэж дуудав.

Намайг хөдөлж ядсаар байтал профессор бүр тэсэж ядан

-Хүүеэ! чи чинь байна уу, үгүй юу? гэж дахин хашгирав. Би ч нагацын өрөө уруу ухасхийв.

Отто Лиденброк төрөлхийн хатуу, этгээд зантай боловч хүнээр муугүй бөлгөө. Тэр, эрдэс судлалын ухааны хичээл заадаг багш байв. Эрдэс судлалын ухаанд хэл хугалчихам хэцүү нэр томъёо өдий төдий байдаг бөгөөд хичээл заах үед оносон нэр нь олдохгүй байх явдал олонтаа тохиолдох тул ах тэр тоолон л уцаарладаг байв.

Нагац бол бусдын тулд биш өөрийнхөө төлөө ажилладаг хувиа хичээсэн эрдэмтэн байлаа. Ийм эрдэмтэн Германд цөөнгүй байдаг юм. Гэвч нагац ёстой эрдэмтэн хүн билээ. Лиденброкийн нэр тус орны олон сургууль, нийгэмлэгт алдаршсаны учир Ханбургээр дайрч өнгөрөх эрдэмтэд цөм түүнийг эрж уулздаг байлаа. Түүнээс гадна тэрээр эрдэс судлалын баялаг үзмэрийг хадгалагч бөлгөө.

Татах (Татаж авах): Ж.Верн-Дэлхийн төв уруу аялсан нь

No comments: