Friday, January 13, 2012

Электрон ном #65: В.Скотт-Айвенго

Хөгжүүн Англи ирж, ден голын усанд тэжээгдсэн таатай нутагт Шеффилд Донкастер хоёрын хоорондох уудам хөндий толгодыг урьдын цагт өргөн их ой бүрхэж байж билээ. Вентворын цайз, Уориклиффийн цэцэрлэг болон Ротергемийн орчимд тэрхүү сүрлэг ойн үлдэгдэл өнөө хүртэл бий бүлгээ. Урьд цагт цонтлейн үлгэрийн нэрт айхавтар луу энд орогнодог байсан домогтой, цагаан, улаан сарнайнуудын хоорондох дотоодын ширүүн тулалдаан энд явагддаг байсан. Мөн алдар гавьяа нь ардын дуунд магтагдсан зоригт тээрэмчдийн бүлгүүд энд бужигнаж байсан билээ. Манай туужийн үйл явдал ийм газарт болсон юм. Өгүүлэгдэх зүйл нь нэгдүгээр Ричардын* хаанчлалын сүүлийн жилүүдэд, хааныг удтал олзлогдон байх зуур зүсэн бүрийн хавчлага дарлалд нухлагдан цөхөрсөн албат ардууд нь хаанаа эгэж ирэхийг хүсэх боловч нэгнээ боломж нөхцөлгүй ажил мэт санагдах болсон үед гарсан явдлууд юм.

Стефаны хаанчлалын үед зүйргүй их эрх мэдэл олж авсан феодалууд хоёрдугаар Генрихийн** мэргэн бодлын үрээр хааны төрд хагас дутуу боловч захирагдах болж чадсанаа одоо дахин дур мэдэн аашлаж, английн төрийн зөвлөлөөс тэдний дур зоргоороо загнахыг хязгаарлах гэсэн сулбар оролдлогыг огтхон ч үл ойшоох болов. Феодалууд цайзаа бэхэлж, айл хөршийн хүмүүсийг албат хамсаатнаа болгон нэгтгэхээр ойртон буй төрийн самууны үед өөрсдийгөө жин нөлөөтэй хүн байлгахуйц хэмжээний цэрэг эртэй болохыг тус бүрдээ мэрийнэ. Жижиг эдлэнтэй тайж нарын байр суурь тэр цагт тун ч хөнгөн, тэднийг франклинууд гэж нэрийдэх бүлгээ. Жижиг тайж нар нутаг орныхоо нөлөөтэй ихсийн аль нэг өмөг түшигт багтаж гэр оронд нь алба хаах буюу харилцан туслах тэнхрүүлэх талаар хэлэлцэн тохирч цаад феодалын цэрэг дайны үйлд хүчин зүтгэвээс нэг хэсэгтээ амар жимэр байж болохсон бүлгээ. Ихэнх жижиг тайж нар ер нь тэгдэг ч байсан. Тэгэхийн хамт эрх чөлөөгөө золиосонд гаргаж, нэр төр хөөцөлдөгч өмөг түшгийнхээ элдэв хуудуу болчимгүй явдалд хамрагдан орох аюулд учирдаг байв. Нөгөө талаас хавчих дарангуйлах элдэв хүчирхэг арга зэвсэг бүхий өндөр язгууртан бээлүүд өөрсдийн эрх мэдэлд орохоос зайлсхийхийг оролдсон хүчин буурай айл хөршийнхнээ мөрдөж хяхсаар үгүйрүүлж дуусгах шалтаг ямагт олно. Феодалуудын дарангуйлал ихсэж дорд давхаргуудын зовлон гүнзгийрсээр хожим английг нормандын ван Вильгельмийн байлдан дагуулахад тус дөхөм үзүүлсэн бүлгээ.

Татах (Татаж авах): В.Скотт-Айвенго

No comments: