Friday, January 13, 2012

Электрон ном №61: Бэгзийн Явуухулан-Түүвэр зохиол

Нарны илч шиг төөнөөд ирэхдээ дурлал
Гантиг ханыг ч бол нэвтлээд орно.
Нүүдлийн шувуу шиг буцаад явахдаа дурлал
Ган аргамжаас ч бол мултраад арилна.

1956

Дурлал гэдэг амны хий биш
Дуртай болгон зайдалдаг хонины морь биш,
Хорвоод хүн ганцхан л удаа төрдөг юм.
Хосгүй амрагаа гэж нэг л хүнийг шилдэг юм.

1961 он.

Нүдэнд дулаан борхон бүсгүйн сормосонд
Нулимсны тунгалаг дусал бөнжигнөнө.
Өглөөний шүүдэр шиг ариухан тэр дусалд
Өргөн цэнхэр далай долгилохыг би үзнэм.

Оюу хөх мандалд нь өнчин завиар
Омог хархүү дур мэдэн зоргоор сэлнэ.
Дусал - Далай хүүхний сормосноос заавал тасарна
Дураараа дургисан хархүү тэгээд хоосон хоцорно.

1958

Цэцгэн дээр байсан эрвээхэй
Гал руу нисээд орчихдог юм.
Цээжинд байгаа зүрхэнд
Гэв гэнэтхэн суучихдаг юм.

Үйлээ эдлэх эрвээхэйг
Үүдээр хөөгөөд гаргадаггүй юм.
Үүрд шархлуулсан тэр хүнийг
Өшрөн мартах гээд чаддаггүй юм.

1957 он.
Переделкино тосгон

ЧИНИЙ ДУРЛАЛ

Хавирган сар нэмэн нэмсээр дүүрдэг шиг
Хайрын сэтгэл минь улам чамд дасаад байх юм.

Сарны гэрэлд лянхуа навчсаа хумьдаг шиг
Сайхан чиний хайрын илч чинь буураад байх юм.

Өвсөнд буусан үүрийн шүүдэр хийсдэг шиг
Арилах болов уу,

Усанд унасан борооны дусал хатдаггүй шиг
Амьдрах болов уу?
Чиний дурлал.

1958 он.

Жавхаалаг нар огторгуйд мандан гарахлаар
Жаварлаг оддын гэрэл сүлэгдэн уусна.
Түүний адил, онцгой нэгэн дурлалын өмнө
Түрүүчийн бүх шалиглал хайлан замхарна.

1958 он.

ЦЭНХЭР НОМИН ОГТОРГУЙ

Цэнхэр номин огторгуй
Анхны дурлал шиг хиргүй
Цэнхэр номин огторгуй
Анхны дурлал шиг биегүй
Аяа, Цэнхэр номин огторгуй.

1965 он

Татах (Татаж авах): Бэгзийн Явуухулан-Түүвэр зохиол

No comments: