Friday, January 13, 2012

Электрон ном #60: Чадраабалын Лодойдамба-Тунгалаг Тамир роман

Монголын утга зохиолд тод мөрөө үлдээсэн Ч.Лодойдамба хэмээх билигт нэгэн эрдэнэт хүний биеийг олсноос хойш 90 жил нэгэнт өнгөрчээ. Тэрээр дөнгөж тавин нас хэвийгээд мөнх бусыг үзүүлсэн ч Лодойдамба хэмээх заан модыг монгол хүн, түүгээр ч барахгүй хилийн чанад дахь анд нөхөд уншигчдын дур сэтгэлийг соронзон адил эзэмдэн мөнхөрсөн юм.

Тэрээр цаг цагийн араншинг дагасан ямар ч хувирлыг бие сэтгэл, оюун санааны цул бат чанараараа "хугараагүй ноөн нуруу" тэнхээ зааж, аливааг сөрөн туулж гарах хүчирхэг даль жигүүртэй нэгэн байлаа. Лодой зохиолч төмөр замын машинистаас, төрийн сайд хүртэлх амаргүй замыг туулахдаа анхны романы нэг "Алтайд"-аас аваад зууны шилдэг туурвил "Тунгалаг Тамир" бол Монголын уран зохиолд төдий бус дэлхийн уран зохиолын үнэт сан хөмрөгт багтсан юм.

"Малгайтай чоно", "Солонго", "Хугараагүй ноён нуруу", "Шаргачин" үгүүллэгүүд, "Манай сургуулийнхан", тууж, "Эрдэнийн Дорж", "Өөрийн замаар", "Итгэж болно", "Гарын таван хуруу", "Ёс ёмбогор, төр төмбөгөр" жүжгүүд түүний ур ухааны cop дээжис Монголын уран зохиолыг тунгаамал шижир алт, шигтгээ эрдэнэ, шүр, сувдаар баяжуулсан юм. 1940 оны сүүлчээс манай зохирлчид уран зохиолын төрөлд чанарын өсөлт гарч роман бичих болсон нь нийгмийн амьдралын зүй тогтлоор тавигдсан зорилт байв. Энэхүү төвөгтэй авч хүндэт зорилгыг Ч.Лодойдамба, Б.Ринчин нар үүрсэн юм.

Оросын эрдэмтэн Г.И.Михайлов Ч.Лодойдамбаас өмнө роман бичих оролдлого гарч байсан боловч төдий л амжилт олоогүй, дүрслэлийн хэмжээнд хүрээгүйг дурьдаад "Алтайд", романыг уг төрлийн эхлэл болсон шинэ цагийн Монголын амьдралын бодит тусгал бөгөөд адал явдлын уран зөгнөлт зохиол болохыг тэмдэглэсэн байдаг. Уран зөгнөлт зохиолын үүдэл болох нь зохиолын үгүүлэмжээс харагддаг. Орос-Монголын шинжилгээний ангийханд тохиолдсон байгалийн сонин үзэгдлүүд Эрдэнийн талх, Батын аяга алга болсны учир, Бичигт Богдын бичгийг уншиж, нууц битүүлэг зүйлсийг тайлж байгаа нь монгол хүмүүсийн оюуны өсөлтийг харуулж байдаг.

"Тунгалаг Тамир" роман бол зохиолчийн бүтээлийн оргил бөгөөд нийгмийн анги давхаргуудын янз бүрийн төлөөлөгчийн зөрчлийг ард олны тэмцэлтэй холбон тавьж тэдгээрт аж төрөл, амьдрал ахуй, үзэл санааны харьцаанд гарч буй өөрчлөлтийг үзүүлсэн нь зохиолын цар хүрээг өргөтгөжээ. Түүхэн хувьсгалын нэгээхэн үед олны хувь заяаны асуудлыг дэвшүүлээд түүндээ зохистой хариултыг өгчээ. Зохиолд урд хожид дүрслэгдээгүй хүний эвийг олж зарцлах, хөрөнгөжиж бэлжихийн эв аргыг олсон, ямар ч нөхцөлд хэнтэй ч зохицож чаддаг овсгоотой баян хүний хэв шинжит дүрийг Итгэлтээр гаргасан юм. Зохиолч Итгэлтийн дүрийг толгойгоо гашилгаж байж "Хоёр барилтай, давхар мэхтэй хүн" байхаар бодож боловсруулсан нь мэдээж.

"Тунгалаг Тамир" роман биднийг оюутан байх үед 1960-аад оны эхээр гарч, хотын номын дэлгүүрийн тавиураас олдоход бэрх болоод унших хүсэлдээ хөглөгдсөн бид дамжуулан уншиж, оюутны байранд зохиолын дүрслэл, дүрүүдийн тухайд ам булаалдан ярилцаж байлаа. Багшийн сургуулийн утга зохиолын дугуйлангаас зохиолчийн романаар уншигчийн бага хурал хийх болоход Соёлын яамны орлогч сайд байсан Ч.Лодойдамба гуайг хуралд урьж оролцуулж билээ. Дугуйлангийн багш романы дүрслэл, уран сайхны онцлогийн талаар товч итгэл тавьж хэлэлцүүлэхэд миний бие индэрт гарч "Тунгалаг Тамир" роман тунгалаг урсгал шигээ тун сайхан бүтээл болсныг хэлээд баян Итгэлт бол жирийн суман ард байгаад Тамирын голын чулууг мэрэх шахаж байж Лу гүний хошууны толгой баян болсон, хүнээр эв гавыг нь олж юмаа хийлгэж чаддаг, хөлс хүчийг нь гар таталгүй өгдөг, гэхдээ шалиг тачаангуй нүдээр харьяат албатаа хардаг нь амьжиргаандаа ноён нуруутай ч хайр сэтгэлийг сэвтээсэн гэх юм уу, Цахиур Төмөр гүндүүгүй, шилийн сайн эр, rap урт, тэр муу үйлээ ч өөрөө ухаарч байгаа, Итгэлтийн хүү Хонгор ангийн ухамсар суугаагүй төөрч будилж яваад (гурав дахь зам гэж байдаггүй) өөрөө түүнийхээ горыг амсаж байгаа гашуун явдлыг зохиолын дүрслэлтэй холбож яриад Цахиур Төмөрийн шөнийн ойд түүдэг ноцоон, хээрийн цайгаа буцалгаж, хажууханд нь эгзэгтэй цагт хань болох сайн хүлэг морь нь өвс шир шир хазалж байгаа нь зураг мэт тодорч харагддаг юм гэхэд хуралд оролцогсдоос урд суудалд суусан нэг нь "Ёстой доо, тийм шүү" гэж чанга хэлэхийг сонсоод би зохиолч руу харахад над руу ширтээд инээмсэглэж байж билээ. Тэрхэн агшинд зохиолын дүрслэл, зохиолчийн бодол, уншигчийн бодол гурав нэг уулзварт нийлж байна уу даа гэж бодогдсон юм.

Лодой зохиолч эцгийнхээ дүрийг зохиолдоо шингээсэн нь нэг ёсондоо хөшөө дурсгалыг нь босгосны адил гэлтэй. Зохиолч зохиолоо зүрхээрээ уйлж бичсэн туйлын хөдөлмөрч хүн. Мөн олон хуудас бичсэн зохиолоо зуслан руугаа явах замдаа салхинд хийсгэж алдаад талаар нэг болоход хань Долгорсүрэн нь хойноос хөөцөлдөн гүйж бараг л хуудас бүрийг нь цуглуулж өгсөн гэдэг. Зохиолч зохиолынхоо нэг хэсэгт ажиллаж түр амсхийхдээ гол дүр Долгорыг Тамирын усанд живүүлж "Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу" гэж санааширч байснаа эргэн өнөөх Долгор чинь амьд яваа шүү гэхэд хань нь "Яамай даа, хөөрхий" гэсэн гэлцдэг. Цахиур Төмөр бол ганц нэг чөдөр ногт зөрүүлдэг эр биш. Тоорой банди шиг шилийн эр, доодостой хоногийн хоолоо хувааж, дээдэстэй тэрсэлж дээлээ нөмөрч, ширлэгдэж явсан хүн.

Өгсөж, уруудаж явахын жам ёсыг ухаарснаа сэтгэлийн хатаар ширээгдсэн нэгэн. Хувь заяаны төөргөө гэж... "Тунгалаг Тамир" дэлгэцэнд амилахад дүрүүдийг сонгон олсон нь эрэлхийллийн амьд хүч. Итгэлтийн дүрд А.Очирбат, Төмөрийн дүрийг Налайхаас Сандуйжав, Эрдэнийн дүрд Баатарыг, Хонгорын дүрд хүү Галбадрахыг тоглуулахаар сонгожээ. Дүр болгон нь зол олны сэтгэлд нийцсэн юм. Лодой зохиолч бүтээлээ ширээний араас биш амьдралын гүнд орж, зохиолын хүүрнэл, хэллэг бүрийг далайгаас сувд эрдэнэ түүх гиэт бодож, хэт бүдүүвчлэх ч юм уу, хялбарчлалгүй амьдралын урсгалд юм бүхэн хувьсан шинэчлэгдэж, үгүйсгэгдэж байдгийг дүрслэх нь сонирхол татахгүй байх аргагүй. Номынх нь хуудас бүрт, тэр ч байтугай мөр бүр нь уян налархай, утга гүн, уянгалаг аясыг хөглөдөг. Зохиолын утга нь өнгөрсөн, эдүгээг таниулж, өөдрөг үйлсэд уриалсан шинжтэй. "Тунгалаг Тамир"-ын олон арван дүр өөрийн гэсэн үзлээр явж, өөрийн амьдралаар амьдарсан юм.

"Тунгалаг Тамир" роман дэлхийн олон орны хэлээр орчуулагдан, тэдгээрээс олон уншигчийн захидал зохиолчийн нэрээр ирсээр байв. Орост "Прогресс" хэвлэлийн газраас "Монголын уран зохиолын номын сан" цуврал хэвлүүлэхэд "Тунгалаг Тамир" роман салхи хагалж, түүний оршилд "Монголын уран зохиолд романы төрөл төлөвшин тогтоход чухал үүрэгтэй романы гол дүр нь хувьсгалт ухамсрыг олсон хүний дүр зургийг илтэд дүрсэлсэн байна" гэж тэмдэглэжээ. Романы дүр дүрслэл давтагдашгүй өвөрмөц бөгөөд уран дархнаар бол инжааны нарийн урлан бүтээгч, үйл мэтгэгчээр бол маш урнаар шагласан эд бүтээгч гэлтэй. Зохиолч Л.Түдэв "Тунгалаг Тамир" романыг "Монголын уран зохиолд гарсан ижилгүй үзэгдэл" гэсэн буй. Үүн дээр нь ихэргүй үзэгдэл гэж нэмэн хэлэлтэй.

Лодойдамбын үгүүллэг, тууж, роман, жүжгүүдийн дүрийн үзэл санаа шинэ рүү тэмүүлсэн, царцанги, хэвшмэл байдлаас ангид шинжтэй. Зохиолч өөрөө хүүрнэл, жүжгийн зохиолын маргашгүй мастер атлаа зохиолын урлаг уран сайхны нээлтэд ихээхэн үүрэгтэй хөрвөх чадалтай амьд жишээ даруй мөн. Үүний нэг жишээ нь эрдэмтэн-судлаачийн хувьд нэрт судлаач Ш.Гаадамбатай Д.Нацагдоржийн "Ламбугайн нулимс" үгүүллэгийн дүрслэлийн хувьд шог хошин болох, ерөөс уран зохиолд уран сайхныг нээх, нуугдмал далд санааг өөрсдийнхөөр гаргахад ихээхэн ач холбогдлоо өгсөн юм. Зохиолчийн бүтээлүүд цагийн урсгалд элэгдэхгүй cop эрдэнийн дээжис мөн. Лодойдамба хэмээх оюун соёрхлын бат бэх улиас, үнэр ялдам зандан мод мөчирлөн салаалсаар шим шүүсээ өгсөөр л байна. Он жил улиран одож хойч үе халаагаа авсаар байна. Тамирын гол хичнээн эрин зууныг дамжин урссантай адил, "Тунгалаг Тамир" роман нэг зуунаар бус хэдэн зууны туршид гэрэл гэгээг авчрахыг хэн мэдлээ. Уг бүтээлд хүний хувь заяа, сэтгэхүйг нэгд нэгэнгүй харж, тэдний ая зан, бодол санаа, хэл ярианы өнгө ялгаа тод дүрслэгдсэн нь зохиолчийн ертөнцийг үзэх үзэл, оюуны ид шид, увидас билгийн нийлц гэлтэй.

Ж.Гун-Аасүрэн (Хэл бичгийн ухааны доктор, зохиолч)

Татах (Татаж авах): Чадраабалын Лодойдамба-Тунгалаг Тамир роман

No comments: